УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан нээлээ
2025-03-17

Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр (2025.03.17) 10 цаг 00 минутад 74 гишүүн буюу 58.7 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Хаврын ээлжит чуулганы нээлтэд Ерөнхий сайд, Үндсэн хуулийн Цэцийн дарга, гишүүд, Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагын төлөөлөл, Монгол Улсад суугаа Элчин сайдууд, мөн олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүн нар оролцож байна.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хаврын чуулганы нээж хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт ард иргэд ээ,  эрхэм хүндэт Ерөнхий сайд аа, УИХ-ын эрхэм гишүүд, зочид оо. Монгол түмэн өнтэй өвлийг давж, урин хавартай золгосон энэ өдрүүдэд УИХ-ын гишүүд иргэд сонгогчидтой уулзах, ажлын хэсэг хэлэлцүүлэг зохион байгуулах, туршлага судлах зэрэг олон ажил өрнөлөө. Төлөөлөл өргөжиж 126 гишүүнтэй болсон парламентын энэ танхимд гишүүд та бүхнээр дамжин, иргэдийн дуу хоолой илүү өргөн хүрээнд  тогтмол сонсогдож байгаасай гэж хүсэж байна. Албан өрөөний цонохоор асуудлыг харж шийдэх, бодит нөхцлийг таньж мэдэх, шийдэл олохын ялгаа их. Мөн олон түмний нэр баривч цөөн хэдэн хүний хүсэл далд шургалсан цахим сүлжээгээр Монголын өнөөдрийн амьдрал хөгжил хэмжигдэх учиргүй.

УИХ-ын гишүүд завсарлагын хугацаанд иргэд байгууллагуудтай нүүр тулан уулзаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, асуудлын гүн рүү орж, санаа оноогоо хуваалцсан нь хууль тогтоомжийн төслүүдэд хэлэлцүүлэг, ажил хэрэгч бүтээлч өрнөхөд нөлөөлөх нь гарцаагүй.  УИХ-ын намрын чуулганы завсарлагааны хугацанд миний бие хангай, баруун, зүүн, говь, төвийн бүсэд ажиллаж, хуульчид, малчид хоршоологчид, бизнес эрхлэгчид, ахлах ангийн сурагчид зэрэг 25 мянга гаруй иргэдтэй уулзлаа.

Иргэд биднээс бүрэн эрхийн хүрээ хязгаар боломжоос хальж давсан зүйл хүсэхээс илүү парламент нь парламент шиг ажиллахыг хэлж сануулж байна.

Иргэдээ ажил орлоготой байлгах, үр хүүхдээ орчин нөхцөл хангагдсан сургууль цэцэрлэгт хамруулах, эрүүл мэндийн үйлчилгээ ойр байх, зам харгуй дэд бүтцийг хөгжүүлэх гээд наад захын амин чухал зүйлсийг хөндөн үгээ дайж байна. Энэ бол та бдиний баталж буй хуулиуд иргэдийн амьдралын чанарыг ахиулахад чиглэх ёстой гэсэн үг юм" хэмээлээ.

Түүний дараагаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд хаалттай горимоор танилцуулахаар болов. 

Сэтгэгдэл