Монгол Улсын Их Хурлын намрын чуулган завсарлаад 21 хоноод байна. Гэсэн хэдий ч парламентын албан ёсны цахим талбар болох parliament.mn-д чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэл өнөө хэр бүрэн гүйцэд байршсангүй. Тухайлбал намрын чуулган 32 удаа нэгдсэн хуралдаан хийснээс 27 удаагийн тэмдэглэл одоогоор нээлттэй байршаад байгаа бол 5 удаагийн тэмдэглэл дутуу байна.
Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 136.1 дэх хэсэгт “Хуралдааны тэмдэглэл болон дуу, дүрсний бичлэгийг чуулганы мэдээлэл бэлтгэж нийтлэх, хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлэл, лавлагаа өгөх, маргаантай асуудлыг шийдвэрлэх зорилгод ашиглах ба Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудсанд байршуулж олон нийт танилцах бололцоог хангана” хэмээн тусгасан байдаг.
УИХ-ын үйл ажиллагаатай танилцах, төрийн бодлого шийдвэр, гишүүдийн байр суурийн талаарх мэдээллийг авах боломжтой хуульд заасан эх сурвалж болохын хувьд хуралдааны албан ёсны тэмдэглэл нь парламентын ил тодлыг хангахад ихээхэн чухал бичиг баримт юм. Гэсэн хэдий ч нээлттэй ил тод байдлыг хангах, тэмдэглэлийг байршуулах хугацаа хойрго байгаа нь олон нийт мэдээлэлтэй танилцах, чуулганыг дүгнэх боломжийг бууруулж байна.
Түүнчлэн 2024 оны намрын чуулганаар хуулийг эцэслэн батлахад УИХ-ын гишүүдийн өгсөн санал хураалтын дүнгийн мэдээлэл хаалттай байсаар байна. Уг чуулганаар бие даасан хууль 8, хуульд өөрчлөлт оруулах тухай хууль 29, олон улсын гэрээ, конвенц, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 7, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 8, нийт 52 хууль, Улсын Их Хурлын 57 тогтоол хэлэлцэн баталсан гэж УИХ-аас мэдээлсэн. Гэвч 2025 оны 2-р сарын 14-ний байдлаар ердөө 3 хууль, 1 тогтоолыг эцэслэн батлахад УИХ-ын гишүүдийн өгсөн санал хураалтын дүнг нээлттэй болгосон нь УИХ-ын үйл ажиллагааны ил тод байдал хангалтгүй байгааг илтгэж байна.
Нээлттэй, ил тод байдал нь сайн засаглалын үндсэн зарчим тул мэдээллийн ил тод байдлыг шуурхай хангаж, иргэдийн оролцоог дэмжих шаардлагатай.
Өнөө хэр чуулганы тэмдэглэл хийгээд гишүүдийн хууль тогтоомжид өгсөн санал хураалтын дүнгийн талаарх мэдээллийг гүйцэт бэлтгэн олон нийтэд нээлттэй байршуулахгүй байгаа нь иргэдийн мэдэх эрхийг зөрчиж буй үйлдэл юм.
Uih.mn