Өвөл, хаврын уралдаанд 18 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулж уралдахыг хориглов
2025-02-05

Хаврын хурдан морин уралдаан зохион байгуулах эрхийг орон нутагт нь шилжүүлэх шийдвэрийг Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 29-ны өдрийн хуралдаанаас гарсан. Засгийн газрын энэхүү шийдвэрийг албажуулсан тогтоолыг өнөөдөр засгийн газар танилцууллаа. 

2025.01.29-ний өдрийн хуралдаанаар хурдан морины уралдааныг 3 дугаар сарын 1-ний өдрөөс хойш зохион байгуулах, 12-оос дээш насны хүүхдээр унуулах асуудлыг аймаг орон нутгийн удирдлага шийдвэрлэхээр эрх шилжүүлж байгаа талаараа олон нийтэд мэдээлээд байсан билээ. Үүнтэй холбогдуулан “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл, Монголын залуучуудын эвсэлээс Хаврын улиралд хүүхдээр хурдан морь унуулахыг зөвшөөрсөн Засгийн газрын шийдвэрийг цуцлахыг шаардсан өргөдөл гаргаж 2074 хүний гарын үсэг цуглуулаад байна. 

Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар дээрх шийдвэрийг албажуулахдаа   өвөл, хаврын уралдаанд 18 нас хүрээгүй хүүхдээр унуулахыг хориглосон байна. 

"ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ" тус тогтоолд "Хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг таслан зогсоох арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулж, өвөл, хаврын улиралд зохион байгуулагдах хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 нас хүртэлх хүүхдийг аливаа хэлбэрээр оролцуулахгүй байхад хяналт тавьж ажиллахыг бүх шатны Засаг дарга, Цагдаагийн ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт тус тус үүрэг болгосугай” гэжээ.

 

 

Сэтгэгдэл