Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хуралдаанаар явуулж, төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар танилцууллаа. Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.
Тус Байнгын хороо яаралтай хэлэлцүүлэх горимоор 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаараа хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан журмын дагуу явуулсныг Б.Баярбаатар гишүүн таницуулав.
Байнгын хорооны хуралдаанаар хууль, тогтоолын төслийг хэлэлцэх үед төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24-т заасны дагуу хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх талаар горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авах шаардлагагүй хэмээн үзсэн тул Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 98 гишүүний 66.3 хувь нь дэмжлээ. Үргэлжлүүлэн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг батлах санал хураалтыг нэгбүрчлэн явуулж, шийдвэрлэв.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т “Улсын Их Хурал энэ хуулийн 46.1.2-т заасан хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх”-өөр заасан байдгийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан танилцуулаад Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай, Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулиуд болон “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын 2024 оны гүйцэтгэл, 2025 оны төсвийн тухай”, “Засгийн газарт чиглэл өгөх тухай”, “Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолууд зэрэг хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонслоо.