УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулган өндөрлөлөө
2025-01-24

Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганыг хааж, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан үг хэлэв. Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентын анхны намрын ээлжит чуулган Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу 81 өдөр чуулж, бие даасан хууль 8,  хуульд өөрчлөлт оруулах тухай хууль 29,  олон улсын гэрээ, конвенц, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 7, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 8, нийт 52 хууль,  Улсын Их Хурлын 57 тогтоол хэлэлцэн баталжээ. Энэ хугацаанд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан зохион байгуулсны зэрэгцээ нэгдсэн хуралдаан 32 удаа, Байнгын хорооны хуралдаан 146 удаа, Дэд хорооны хуралдаан 6 удаа тус тус хийжээ. Улсын Их Хурлын даргын захирамж болон Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан 60 гаруй ажлын хэсэг давхардсан тоогоор 90 гаруй удаа хуралдсан гэдгийг тэрбээр дурдаад “Эдгээр ажлын хэсэг өнөөдөр эрх зүйн шийдэл нь хүлээгдэж байгаа болон цаг үеийн шаардлагад нийцүүлэн зохицуулалтыг зайлшгүй боловсронгуй болгох шаардлагатай асуудлаар байгуулагдан ажиллаж байна” хэмээлээ.

Сүүлийн 30 гаруй жил ярьсан ч амьдралд бодит биеллээ олоогүй, “гацсан” төслүүдийг гацаанаас гаргаж, хөгжил дэвшлийг тушсан чөдрийг тайлах эхний алхмуудыг Улсын Их Хурал энэ удаагийн чуулганаараа хийснийг тэрбээр тэмдэглээд “Улсын Их Хурал улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө хамтарсан Засгийн газраа бүрэн дэмжиж, дээр дурдсан мега төслүүдийг хөдөлгөхөд онцгой анхаарч ажиллаа. Цаашид энэхүү төсөл, хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж, Засгийн газраас үр дүн шаардаж ажиллах ёстой” гэдгийг онцлон хэлснээр Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулган өндөрлөв.

Эх сурвалж: parliament.mn

Сэтгэгдэл