Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т заасны дагуу Засгийн газрын хуралдааны шийдвэрийг үндэслэн Ерөнхий сайд үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд бичгээр хүсэлт тавьсан. Түүний дагуу Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан танилцуулж, төслүүдийг чуулганаар яаралтай хэлэлцэх эсэхээр нэг бүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэв.
“Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганаар яаралтай хэлэлцэхийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 87 гишүүний 83.9 хувь нь дэмжив. Иймд Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганаар яаралтай хэлэлцэхийг Улсын Их Хурлын 76 гишүүн дэмжиж, харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганаар яаралтай хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалтад оролцсон 89 гишүүний 83.1 хувь нь дэмжиж, Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.