УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Улс төрийн намын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ыг Дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг чуулганы хуралдаанд оролцсон 68 гишүүнээс 40 гишүүн дэмжсэнээр төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ. Ингэснээр анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлээд байна.
Хууль батлах нь Монгол Улсын Их Хурлын бүрэн эрх хэдий ч хуулийн төсөл боловсруулах, өргөн барих, хэлэлцэх, батлах нь нарийн зохион байгуулагдсан дэгийн дор хуулийн хүрээнд явагддаг. Тус зохицуулалтаар төрийн хууль санаачлах, батлах эрх бүхий субъект нь өргөн барьж буй хуулийн төслөө бэлтгэхдээ “Монгол улсын үндсэн хууль”-д нийцүүлэн, Хууль тогтоомжийн тухай хуулийг баримтлан ажиллах ёстой.
“Улс төрийн намын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ыг Дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн 2 дугаар зүйл “Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 2027 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор хүргүүлнэ” хэмээн цаг хугацааны хувьд өөрчилсөн нь Хууль тогтоомжийн тухай хуулийн 41.10 дахь хэсгийг зөрчиж байна.
Хууль тогтоомжийн тухай хуулийн 41.10 дахь хэсэгт “Хуулийг дагаж мөрдөж эхэлсэн өдрөөс хойш тухайн хууль болон түүний зүйл, хэсэг, заалт, дэд заалтын дагаж мөрдөх хугацаанд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлэхгүй” гэж заасан байна. Тэгвэл тус хууль нь энэ оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ч өнөөдөр хэрэгжих хугацаанд өөрчлөлт оруулахаар болоод байна.
Ингэснээр хуулийн зүйл заалтын дагаж мөрдөх хугацаанд өөрчлөлт оруулах төсөл өргөн мэдүүлэхгүй гэсэн заалт зөрчигдөж засгийн газраас хуулийг өргөн барьсан бол УИХ хүлээн авч хэлэлцэхээр болоод байна.