Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.11.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцуул Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Э.Болормаа танилцуулав.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж асуул асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж
Хуулийн төслийг дэмжиж байгаа ч нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэх арга хэмжээг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 6 сарын дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ гэсэн хугацааг 2027 оны 08 дугаар сарын 01 болгон хойшлуулах нь хэт урт байна.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:
Юм л бол баталсан хуульдаа эргэж гар хүрдгээ болимоор байна. Намууд өөрсдөө хариуцлагагүй байна. Зарим нам хэдийнээ шинэ хуулийн дагуу хурлаа хийж, материалаа УДШ-д өгчихсөн байгаа шүү дээ. Гэтэл олон жилийн түүхтэй намууд яагаад ийм хариуцлагагүй байна аа
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал
"Намууд хариуцлагагүй байгаа нь үнэн. Орон даяар хэлэлцүүлэг явуулж, бэлтгэл хангаж байгаад энэ хуулийг баталсан. Гэтэл одоо амжихгүй нь, сунгаж өгөөч гэдэг хүсэлтийг парламентад суудалгүй жижиг намууд өгөөд байгаа. МАН-ын хувьд л гэхэд бэлтгэлээ хэдийнээ хангачихсан. Гэвч амжихгүй нь, орон нутгийн сонгууль боллоо гэж тайлбар тавьцгааж байна. Яг заасан хугацаандаа гэвэл 2025 оны нэгдүгээр сард багтах. Ингэе гэхээр бараг 25-30 намыг УДШ бүртгэхгүй байх эрсдэл үүсэх юм билээ. Ийм мэдээллийг УДШ-ээс өгсөн" гэлээ.
УИХ-ын гишүүн Б.Найдалаа
ХҮН-д мөн дүрмийн өөрчлөлтөө бүртгүүлэх, хуульд үйл ажиллагаагаа нийцүүлэх талаар ямар ч хүндрэл учрахгүй, ирэх долоо хоногт хуралдаад шийдчих чадвартай. Бусад намуудаас хүсэлт, санал тавьсан тохиолдолд хүндэтгэн үзэж, хэлэлцэх нь зүйн хэрэг гэж үзэж байна.Гэхдээ асуудлыг яаран шийдвэрлэх, цаг хугацааг давчуу, тулгуу тавих нь алсдаа сөрөг үр дагавар дагуулж болзошгүй, 2027 он хүртэл буюу хоёр жилээр хойшлуулах саналтай байна.
УИХ-ын гишүүн А.Ундраа:
Улс төрийн намын шинэчлэл гэдэг бол парламентын засаглал, ардчилалд маш чухал үүрэгтэй. Тиймээс Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа улс төрийн намууд хуульд нийцүүлэн шинэчлэлт өөрчлөлтийг хийж өөрсдийгөө дайчлан ажиллах нь зарчмын хувьд чухал юм. Манай Үндэсний эвслийн зүгээс энэ хуульд нийцүүлэн тодорхой өөрчлөлтүүдийг хийж “Үндэсний эвсэл” гэсэн аппликейшн гаргасан нь хэрэглэгдээд явж байна. Манай үүсгэн байгуулсан хоёр нам дүрмээ шинэчлэн Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хүргүүлсэн байгаа. Хуулийн
УИХ-ын гишүүн Д.Алдаржавхлан:
Улс төрийн намын хуулиар 2025 оны 1-р сарын 1-ээс өмнө хуульд нийцүүлэн дүрмээ шинэчилсэн байх ёстой гэсэн заалт байгаа. Үүнийг хойшлуулах санал орж ирж байгаа юм байна. Хэрэв энэ хугацааг хойшлуулбал улсын төсвөөс намуудад өгдөг санхүүжилтийг давхар хойшлуулах асуудлыг оруулж ирэх хэрэгтэй. Нэгэнт хугацаа хойшлуулж байгаа бол санхүүжилтийг давхар хойшлуулаад дүрэм журмаа шинэчилж орж ирсний дараагаар санхүүжилтээ авах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:
Бид Үндсэн хуулийн үзэл баримтлалаараа олон намын систем бий болгох,том эрх зүйн өөрчлөлтөд шилжээд олон жил болж байгаа.Олон намын системээ илүү төгөлдөржүүлэхэд өнөөдрийн энэ өөрчлөлтийг хийх нь зүйтэй гэж үзэж байна.
Зарим нэг намууд хариуцлагагүй хандаж байгаа зүйлүүд бий. Гэлээ гэхдээ энэ намууд институцээрээ хөгжих боломжийг бүрдүүлэх ёстой. Үндсэн хуульдаа бид томоохон өөрчлөлт хийсэн. УИХ -ын гишүүдийг 126 болгосон өөрчлөлт бол энэ парламентад олон нам орж ирэх бололцоог хууль эрх зүйн хувьд хангаж өгсөн. Олон намын тогтолцоотой гэж байгаа боловч хоёр нам ээлжлээд шахуу төрийн эрх барьж ирсэн тогтолцоог өөрчлөхийн тулд 126 гишүүнтэй болгосон. Анхны парламент таван намаас бүрдсэн. Парламентаар хэлэцэж байгаа асуудлыг олон талаас нь ярьж байгаа нь таван нам бүрдсэний ач холбогдол гарч байна гэж үзэж байна. Тийм учраас энэ хуулийг өнөөдөр хэлэлцэх эсэхийг нь шийдээд мөрдөх хугацааг нь сайн ярилцах шаардлагатай гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн А.Ундраа:
-Хугацааг хойшлуулахын цаад ньюанс нь эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн сонгуульд оролцох тэгш эрхийг хангах асуудлыг хойшлуулж байгаа юм шүү. 126 гишүүнтэй парламент байгуулагдаад дөрвөн сар болж байна. Энэ сонгуулиар анх удаа 32 эмэгтэй гишүүнтэй парламент бүрдсэн нь хувь тэнцүүлсэн тогтолцоог оруулж ирсний нэг ач холбогдол юм. Улс төрийн намууд эрэгтэй, эмэгтэй сөөлжүүлэн нэр дэвшүүлж, аль нэг хүйс нь 40 хувиас доошгүй байх бүрэн бололцоо байгаа. Улс төрийн намуудын гишүүнчлэлийн бүрэлдэхүүнийг харвал ихэнхдээ эмэгтэйчүүд олонх байдаг. Гэтэл тэр олон эмэгтэй эгэл жирийн гишүүдийн өмнө “бид нар жендерийн тэгш эрхийг хангах бололцоогүй” гэдэг зүйлийг зарим намын удирдлага яриад сууж байгаад гайхаж байна.
Намын санхүүжилт ил тод бус байх, сонгуулийн зардал хэр өндөр байна, төдий чинээ дараа нь засаглах процесс авлигад автагдах эрсдэл төдий чинээ өндөр байгаа. Тийм учраас намын санхүүжилт бол ил тод байх шаардлагыг Үндэсний эвслийн зүгээс тавьж байгаа юм.
Хуулийн төслөөр санал хураах ёстой ч гишүүдийн ирц хангалтгүй тул маргааш болгон хойшлууллаа.