Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа
2024-11-22

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2024.11.22)-ийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Хоригийн талаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар танилцуулав. Ерөнхийлөгч хоригтоо, мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлж үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй, хөгжилд хөтөлсөн төсөв төлөвлөж батлах, хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчимд нийцүүлэх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх, ард иргэд, баялаг бүтээгчид, татвар төлөгчид болон мэргэжлийн байгууллагуудын санал, шүүмжийг харгалзан үзэхийг үндэслэл болгосон байна.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийг хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулсан хууль тогтоомжийн хамт Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан юм. Ерөнхийлөгчийн Тамгын газарт уг хууль тогтоомжууд 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 09:17 цагт ирснийг хянан үзээд 2024 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн 10:00 цагт буюу 24 цагийн дотор хориг тавих асуудлыг шийдвэрлэсэн байна.

Ерөнхийлөгчийн хоригийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар хоригийг хүлээж авснаар урсгал зардлыг бууруулах, алдагдалгүй төсөв батлах, төгрөгийн ханшийг тогтворжуулах боломжтой эсэх, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал Монгол Улсын 2025 төсвийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг боловсруулан баталж, орон нутаг төсвөө батлах цаглаврыг өөрчлөх, мөн төсвийн урсгал зардалд дүн шинжилгээ хийж тэнцлийг сайжруулах талаар, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг төсвийн урсгал зардлыг бууруулах шаардлагатайг хөндөж үг хэлсэн байна. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан хавдар судлалын эмнэлгийн барилгын санхүүжилтийг шийдвэрлэх, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар урсгал зардлыг бууруулж, хөрөнгө оруулалтыг эрэмбэлэх, цаашид Улсын Их Хурлаар батлагдаж байгаа хууль тогтоомжоор төсөвт ачаалал нэмэгдүүлэхгүй байх, Улсын Их Хурлын гишүүн З.Мэндсайхан макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, төсвийн бодлогоор хувийн хэвшлүүдийг дэмжих тухай, Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулж төсвийн зардлын өсөлтийг хязгаарласан төсвийн тусгай шаардлагуудыг өөрчлөх, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн цаашид уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс хамааралтайгаар төсөв тэлж буйг зохистой түвшинд хязгаарлах нь зүйтэйг дурдсан байна.

Мөн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг уншиж танилцуулав. Тус Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар "мөчлөг сөрсөн эдийн засгийн бодлого хэрэгжүүлэх" гэх томъёолол ямар утга санаа илэрхийлж байгааг, Улсын Их Хурлын Ц.Сандаг-Очир хоригт 2025 оны төсвийн алдагдлыг бууруулах, эсхүл алдагдалгүй төсөв батлах гэдэг шаардлагын алийг тавьж байгааг болон төсөвт тодотгол хийх тухай Улсын Их Хурлын тогтоолыг хэрхэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хуулийн төсөл нь хэд хэдэн хууль тогтоомж зөрчсөн тухай Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг дахин сануулж, хоригийг хүлээж авсан тохиолдолд Засгийн газарт буцаах хууль, эрх зүйн гарц бий эсэхийг, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат 2025 оны төсөл дэх мега төслүүдийн талаар тус тус асуулт асууж, хариулт авсан байна. Тус Байнгын хорооны хуралдааны үеэр Ерөнхийлөгчийн хоригт дурдсан Үндсэн хууль зөрчсөн талаарх үндэслэлүүдтэй холбогдуулан Хууль зүйн байнгын хороо дүгнэлт гаргах шаардлагатайг болон хүчин төгөлдөр болоогүй Төсвийн тухай хуульд тодотгол хийх тухай Улсын Их Хурлын тогтоол баталж хууль дээдлэх зарчим алдагдсан талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Ж.Алдаржавхлан, Д.Цогтбаатар, П.Сайнзориг, Г.Уянгахишиг нар байр сууриа илэрхийлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 94.7 хувь үзсэн бол Хууль зүйн байнгын хорооны хуралдаан оролцсон гишүүд 100 хувь дэмжжээ.

Үүний дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарын танилцуулга болон дээрх Байнгын хороодын санал дүгнэлтүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авснаар орон нутгийн төсвийг батлах хугацааг хэд хоногоор хойшлуулах эрх зүйн гарц байгааг болон Сангийн сайд Б.Жавхлангаас Ерөнхийлөгч хориг тавина гэсэн хүлээлт байсан эсэх, Төсвийн тухай хуулийн төслийг шинээр боловсруулах урьдчилсан бэлтгэлтэй эсэхийг нь асууж, Ерөнхийлөгч хоригийг хэлэлцэх дэгийг цэгцлэх шаардлагатайг дурдсан бол Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл хоригийг хүлээн авах нь нэг удаагийн арга хэмжээ болоод өнгөрөх үү, цаашид жил бүр төсвийн тэлэлт эдийн засгийн өсөлтөөсөө 5-6 дахин их буюу 30 хувиар өсдөг энэ тогтолцоогоо өөрчлөх эсэх талаар лавлав. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өөрсдийнхөө баталсан тогтоол, шийдвэрийг Улсын Их Хурлын гишүүд Үндсэн хууль зөрчсөн гэх зэргээр олон нийтэд ярьж, шүүмжлэл өрнүүлэх нь зохимжгүй, өргөн барьсан, хэлэлцэж байгаа асуудалдаа эзэн болж, тодорхой байр суурьтай ажиллах ёстой гэсэн байр суурь илэрхийлж, төсөв хэлэлцэх дэгтэй холбоотой асуудлаар Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяагаар ахлуулсан, 25 орчим гишүүний бүрэлдэхүүнтэй томоохон ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгааг дуулгасан юм.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, ДНБ өсөлттэй байгаа үед төсвөө алдагдалгүй баталж, зардлаа хэмнэн, орлого буурах эрсдэлээс сэргийлэх шаардлагатайг анхааруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр Ерөнхийлөгчийн тавьсан хоригт улс төрийн болон хууль зүйн дүгнэлт өгөх учиртайг онцолсон юм. Тэрбээр Монгол Улсын Их Хурал, Засгийн газар үйл ажиллагаандаа Үндсэн хуульт ёсыг хэлбэрэлтгүй мөрдөхөд анхаарах, Улсын Их Хурал хууль батлахдаа олон нийтийн оролцоо, санал шүүмжлэл, гишүүдийн саналыг тусгаж, олон талаас нь нээлттэй хэлэлцдэг байх, хуульт ёсыг чанд мөрдөх зэрэгт дүгнэлт хийх учиртайг дурдаж, төсвийн хэлэлцүүлгийг Үндсэн хуульд заасны дагуу Засгийн газраас өргөн мэдүүлэх, дөрвөн үе шаттайгаар хийх зэрэг горим, дэгээ нарийвчлан тогтсоны дараа явуулах ёстой гэлээ. Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг улсын болон орон нутгийн төсвийг хэлэлцэн батлах хууль, эрх зүйн гаргалгааг гаргах, тойргийн жижиг эрх ашгуудаас татгалзах, хөрөнгө оруулалтын зардлаас хасах, шинээр тавихгүй байх, урсгал зардлын задаргааг ойлгож хасах, хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллага, эрүүл мэнд, боловсролын салбараас төсөв хасахгүй байх нь зүйтэй гэв. Улсын Их Хурлаар хэлэлцэж буй асуудал хууль, эрх зүйн зөрчилтэй эсэх асуудлыг мэргэжлийн байнгын хороо дүгнээд оруулж ирэх ёстойг тэрбээр дурдаж, Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг ахалж ажилласан Төсвийн байнгын хорооны даргад хариуцлага тооцох ёстой гэсэн юм. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан түүний асуулттай холбогдуулан, өмнөх 76-г санагалзсан хүмүүсийн даалгавраар 126-г муухай харагдуулах гэж өөрөө өөрсдийгөө эвгүй байдалд оруулах зүйлс ярихгүй байхыг Улсын Их Хурлын гишүүдэд анхааруулаад, 2014, 2015 оны төсвийн тухай хуулиудыг дараа оны нэгдүгээр улиралд багтааж тодотгол хийх тогтоолуудыг баталж байсныг санууллаа.

Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат цалингийн нэмэгдэл инфляцаа хаах төдий байгааг сануулж, цалин болон бусад чухал зардлуудыг хасаж танахгүй байх, шинээр өргөн барих төсвийн төсөлдөө зардлын таналтыг зөв хийж, эрх ашиг болон ач холбогдлоор нь эрэмбэлэхийг Засгийн газарт зөвлөж, тодотгол хийгдэхгүй тохиолдолд төсвийн хэлэлцүүлгийг дутуудуулалгүй, нэг мөр эцэслэн хийж, чанартай батлах шаардлагатай гэв. Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсны дараах төсвийн хэлэлцүүлгийн дэг хэрхэн явагдах талаар асууж, төсвийг алдагдалгүй батлах нь чухал бус үр ашигтай батлах нь илүү чухал болохыг онцолж, урсгал зардал төдийгүй хөрөнгө оруулалтын зардлаас ч хасах боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж түүний асуултад хариулахдаа, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбоотойгоор төсвийн төслийг хэлэлцэх дэгийг Ёс зүй дэгийн байнгын хороо боловсруулж, Улсын Их Хурлаар батлавал уг дэгээр явна гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан парламент хүн төвтэй, хүний эрхийг дээдэлсэн бодлогыг эрхэмлэж байгаа учир улсын төсөв ч мөн хүн төвтэй байх ёстойг анхааруулж, хавдрын эмнэлэг барих шаардлагатайг гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг хоригийг хүлээж авсны дараа төсвөө засаж сайжруулах үүднээс Сангийн яам төслийг төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зарчмуудад нийцүүлэн боловсруулж дахин оруулж ирэх нь зүйтэй гээд, алдагдалгүй төсөв батлах шаардлагын хүрээнд төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөлөлдөө мөн өөрчлөлт оруулах шаардлагатай тул дөрвөн удаагийн хэлэлцүүлэг хийхээс аргагүй гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой хамгийн том хариуцлага ярих ёстой хүн бол Сангийн сайд гэж үзэж байгаагаа хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар сонгогчдоос санал авсан мөрийн хөтөлбөрөөсөө зөрсөн төсвийг оруулж ирж баталсан хүмүүс бол 118-ын бүдүүн бүлэг гээд, сөрөг хүчин буюу цөөнхийн үүрэг парламентад дутагдаж байгааг онцлов.

Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр цаашдаа дахиад ийм байдал үүсэхгүй байхад анхаарах шаардлагатайг анхааруулаад, улсын төсвийг Монголбанкны мөнгөний бодлоготой нийцүүлэх, аудитын газар зэрэг мэргэжлийн байгууллагуудыг улс төрөөс хараат бус байх нөхцлийг бүрдүүлэх, татвар, шимтгэлийн хэмжээг нэмэгдүүлэхгүй байх зэрэг реформын асуудлуудыг зайлшгүй хөндөх ёстой гэлээ. Мөн эдийн засаг, бизнес дэх төрийн оролцоог хумьж, төрийн албыг цомхотгох, цаашлаад төр засаг, парламентад итгэх иргэдийн итгэл, хүлээлтийг сэргээх шаардлагатайг тэмдэглэв. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүдээс алдагдлаа багасгая, үр ашгаа нэмэгдүүлье гэсэн ажил хэрэгч санал их гарсныг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан дурдаад, чуулганы хуралдааны дэгийг цэгцлэх, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх талаар санаачилгатай ажиллах нь зүйтэй гэлээ. Тэрбээр, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваад Улсын Их Хурал ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлын тов дараалалд оруулж хэлэлцэх, мөн Ёс зүй дэгийн байнгын хороо гишүүдийнхээ өргөн оролцоотойгоор дэгийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн З.Мэндсайхан Төсвийн байнгын хороо дүгнэлт гаргана гэвэл дахиад асуудалд орох учир Улсын Их Хурлын дарга тодорхой шийдэ гаргах ёстой гэсэн байр суурь илэрхийлж, Сангийн яам төсвийн төслийг хэрхэн боловсруулж буйг асууж хариулт авсан юм. Төсөвт тодотгол хийх Улсын Их Хурлын тогтоолын дагуу тооцооллуудаа хийж байгааг Сангийн сайд Б.Жавхлан мэдээлээд, Улсын Их Хурлаас гаргах шийдвэрийн дагуу тохиргоонуудаа хийж ажиллана гэв. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, хоригтой холбоотой асуудал шийдэгдээд төсөв ахиад хэлэлцэх нөхцөл үүсвэл өмнөх парламентад Төсвийн байнгын хороон даргаар ажиллаж байсан, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнгээр ахлуулсан ажлын хэсгийг цаг алдалгүй байгуулж ажиллуулах саналтай байгаагаа хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн улс орны эдийн засгийг энэ төсвөөс болбол салгаж ойлгох боломж бололцоо байхгүй, учир нь төсвийн бодлого дараа жилийн улсын эдийн засагт, ард иргэдийн амьжиргаа, орлогод тусгалаа олдгийг сануулаад, эдийн засгийн тогтвортой байдал, ард иргэдийн амьжиргаа, орлогыг нь хэрхэн хамгаалах, гадаад нөхцөл байдал эрсдэлтэй байгаа энэ цаг үед төсвийн болон мөнгөний бодлогоо хэрхэн уялдуулж, нөөц хуримтлалаа хэрхэн бүрдүүлэх асуудалд гол анхаарлаа хандуулах учиртай гэсэн юм. Тэрбээр, Ерөнхийлөгч хоригоороо үр ашигтай байлгах, хэмнэлттэй байлгах, алдагдалгүй төсвийг батлах гэсэн тодорхой чиглэлүүдийг өгч, суурь зарчмын том босгыг тогтоож, доод тал нь 1.9 их наядаар төсвийн зардлыг бууруулах асуудлыг тавьж байна гээд, ирэх онд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиас хассан заалтыг сэргээх хуулийн төсөл санаачлахаа мэдэгдэв.

Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн зарлагыг хязгаарлах, орлогын шинэ эх үүсвэрийг эрэлхийлэх нь ямар ч цаг үед байх ёстой асуудал учир энэ талаар бодитой, тооцоо судалгаатай хандах ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлээд, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, боловсрол, орлого бүрдүүлэх ирээдүйн тогтвортой хөгжлийн стратеги хэрэгжүүлэхтэй холбоотой хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийн хөрөнгө оруулалтыг танах асуудал байж болохгүйг онцгойлон анхааруулав. Мөн тэрбээр төсвөө батлах процесс, улсын хөгжлийн бодлого санхүүгийн тэнцвэрт бодитой хандах, эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдлаа хадгалах, улс төржихгүй байх зэрэгт анхаарах хэрэгтэйг зөвлөлөө. Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр цаашид гарч болзошгүй хууль эрх зүйн маргаантай асуудлуудыг нэг тийш шийдвэрлэж, тодорхой болгож урагшлах нь зүйтэй гэв.

Ингээд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэсэн байнгын хороодын саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулав. Санал хураалтад Улсын Их Хурлын нийт 89 гишүүн оролцсоноос 76 дэмжсэнээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцлоо. Мөн Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир уг тогтоолын эцсийн найруулгыг сонсож, эцэслэн батлах горимын санал гаргасны дагуу Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан сонсгож, баталлаа.

Эх сурвалж: Parliament.mn

Сэтгэгдэл