Монгол улсын ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
2024-11-20

Монгол улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдох хууль тогтоомжид Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд бүхэлд нь хориг тавилаа.

Шинээр бүрэлдээд буй 126 гишүүн бүхий парламент бүрэн эрхийнхээ хүрээнд анхны төсвөө баталсан нь иргэд, олон нийтээс зарим талаараа шүүмжлэл дагуулаад байсан. Түүнчлэн 2025 оны төсвийн хуулийн үрэлгэн байдлыг эсэргүүцэж “2025 оны Улсын төсвийн үрэлгэн зардлуудыг хэмнэхийг эрх баригчдаас шаардсан өргөдөл”-д  8000 гаруй иргэд нэгдэж гарын үсгээ зурсан байсныг “Цогц хөгжлийн үндэсний төв” Ерөнхийлөгчид уламжлаад байсан билээ.

Улсын их хурал 2025 оны төсвийн тухай хуулийг энэ сарын 8-ны өдөр баталсан бөгөөд 19-нд Ерөнхийлөгчийн тамгын газарт ирүүлсэн. 2025 оны улсын төсвийг үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй батлах шаардлагатай, төсөвт тодотгол хийх тухай тогтоол баталсан нь хууль дээдлэх үндсэн зарчим зөрчигдөх нөхцөл бүрдүүлсэн гэсэн хоёр үндэслэлээр бүхэлд нь хориг тавилаа.

“Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан “Төсвийн урсгал зардлын тэлэлтийг хязгаарлаж, төсвийн алдагдал, Засгийн газрын өрийн тусгай шаардлагыг хангана” гэсэн зорилтоо бодитой хэрэгжүүлж ажиллахыг Ерөнхийлөгч санууллаа.

Төсвийн сахилга батыг чангатгах, үр ашигтай, хэмнэлттэй байх зарчимд нийцүүлэн төсвийн зардлыг бууруулах, чиг үүргийн давхардлыг арилгах, улс төрийн нам, эвслүүд сонгуулийн амлалтаа биелүүлэх зэрэг санал, шүүмжлэл гарч байгаа нь зүй ёсны шаардлага гэж Ерөнхийлөгч үзлээ.

Төсвийн хуульд хориг тавьсан үндэслэлийг дэлгэрүүлэн танилцуулъя. 

Нэг. Алдагдалгүй төсөв батлах 

Гадаад зах зээлийн төлөв байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзлийг харгалзан, гадаад валютын улсын нөөц, төсвийн хуримтлалыг нэмэгдүүлэх, өрийг бууруулах зэрэг суурь зарчмуудыг анхаарч мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлж алдагдалгүй төсөв батлах нь зүйтэй.

Монгол Улсын Ерөнхийлөгч ард иргэд, баялаг бүтээгч, татвар төлөгчид болон мэргэжлийн байгууллагуудын зүгээс төсвийн сахилга батыг чангатгах, үр ашигтай, хэмнэлттэй байх зарчимд нийцүүлэн төсвийн зардлыг бууруулах, чиг үүргийн давхардлыг арилгах, улс төрийн нам, эвслүүд сонгуулийн амлалтаа биелүүлэх зэрэг санал, шүүмжийг илэрхийлж байгаа нь зүй ёсны шаардлага хэмээн үзэв.

Хоёр. Хууль дээдлэх зарчимд нийцүүлэх 

Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль тогтоомжууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “. . . хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэсэн заалтыг зөрчих нөхцөлийг бий болгосон байна.

Улсын Их Хурал 2024 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдөр Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 41 дүгээр тогтоолыг баталжээ.

Энэхүү тогтоолоор Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль нь Төсвийн болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан зарчмуудыг бүрэн хангаагүй, төрийн мөнгөний бодлоготой нийцээгүй, төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж чадаагүй болохоо хүлээн зөвшөөрч, батлагдсан төсвийг тодотгож, дахин засаж сайжруулах шаардлагатай гэсэн агуулгыг илэрхийлсэн байна.

Мөн Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Засгийн газар дараах тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголын төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасан.

Гэтэл Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль хүчин төгөлдөр болж, дагаж мөрдөж эхлээгүй, Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан тохиолдол үүсээгүй байхад Улсын Их Хурал төсөвт тодотгол хийхээр тогтоол баталж, чиглэл болгож байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “. . . хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” хэмээх заалтыг зөрчих нөхцөлийг бий болгосон байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан хоригийг холбогдох хуулийн дагуу хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзжээ. 

Ерөнхийлөгч төсөвт бүхэлд нь хориг тавьсан энэ тохиолдолд УИХ 14 хоногийн дотор хоригийг хэлэлцэнэ. УИХ-ын гишүүдийн гуравны хоёр /66.6%/  буюу дийлэнх олонхоор тус хоригийг хүлээж авах эсэхээ шийдвэрлэх хуулийн зохицуулалттай.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль

46.6.Монгол Улсын Ерөнхийлөгч энэ хуулийн 46.5-д заасны дагуу хориг тавьсан бол Улсын Их Хурал түүнийг хүлээж авснаас хойш дараалал харгалзахгүйгээр тэргүүн ээлжид, ажлын 14 өдрийн дотор нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх бөгөөд хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёр буюу 66.6 хувь нь хоригийг хүлээн аваагүй бол тухайн хууль, тогтоол хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.

Сэтгэгдэл