Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийлээ.
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг зүйл, заалт бүрээр уншиж танилцуулж, зүйл бүрээр санал хураалтыг явуулсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Тухайлбал, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг бүхэлд нь эцэслэн батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 68, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг бүхэлд нь эцэслэн батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 68, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг бүхэлд нь эцэслэн батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 71, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг бүхэлд нь эцэслэн батлахыг хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 71 нь тус тус дэмжлээ.
Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл баталсантай холбогдуулан төсвийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс гаргасан санал, шаардлагыг харгалзан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу улсын төсөв макро эдийн засгийн төлөв байдалд болон төсвийн тусгай шаардлагыг баримтлахад нөлөөлөх талаар үнэлгээ хийж Монгол Улсын Их Хуралд танилцуулах, Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу төсвийн тодотголын төслийг 2024 оны 12 дугаар сард багтаан Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, төсвийн тодотголын төслийг төрийн мөнгөний бодлогод нийцүүлэн төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөлтийг сайжруулах, төсвийн зарлагыг нэмэгдүүлснээр нийгэм, эдийн засагт үзүүлж болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцоолж, төсвийн урсгал зардлыг бууруулах чиглэл баримтлан боловсруулахыг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар тогтоолын төсөлд тусгасан гэв.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг баталсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан үг хэлэв.
Тэрбээр хэлсэн үгэндээ, Улсын Их Хурлын гишүүдээс 2025 оны төсвийн төслийг олон талаас нь шүүн хэлэлцэж, Засгийн газраас дэвшүүлсэн арга хэмжээнүүдийн эрэмбэ, дэс дарааллыг нягтлах талаар олон санал, шаардлага гаргасныг тодотгоод Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг үндэслэн энэхүү батлагдсан 2025 оны төсвийг макро эдийн засгийн төлөв байдалд болон төсвийн тусгай шаардлагыг баримтлахад нөлөөлөх нөлөөллийн талаар үнэлгээ хийж үр дүнг танилцуулахыг Засгийн газарт даалгаж байгаагаа онцлон тэмдэглэсэн.
Мөн тэрбээр татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай, хэмнэлттэйгээр захиран зарцуулахын тулд төсвийн төлөвлөлтийг сайжруулж, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг зөв үнэлж, эдийн засгийн бодлого хоорондын нийцлийг зөв хангаж ажиллахыг Засгийн газарт анхаарууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Эх сурвалж: Parliament.mn