Ирэх оны төсвийг дахин хэлэлцэх шаардлагыг Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүллээ
2024-11-04

2025 оны төсөв УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж буй энэ цаг үед УИХ-ын гишүүн Н.Энхтүвшин, Ж.Баярмаа, Г.Тэмүүлэн, Б.Түвшин, Д.Цогтбаатар нар төсөв нь өмнөх онуудаас маш их дүнгээр нэмэгдсэн байгааг эсэргүүцэж, төсвийн үргүй зардлуудыг хасах, дахин хэлэлцэх шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр болсон талаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Сонгууль болоод дөрвөн сарын хугацаа өнгөрсөн байна. Дөрвөн сарын өмнөх сонгуулиар МАН Улсын төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувийг 25% хүртэл бууруулж, Засгийн газрын өрийг 40 хувиас доош тогтмол байлгана гэсэн мөрийн хөтөлбөрийг дэвшүүлсэн. Харин АН төсвийн нийт зарлагыг 20 хувиар багасгана гэсэн бол ХҮН намын хувьд бизнест ээлтэй татварын орчинг бий болгож, татварын төсвийн зардлыг бодитоор буулгана гэсэн мөрийн хөтөлбөр дэвшүүлж байжээ. Гэтэл өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт төсвийн ДНД-д эзлэх хувийг 37.7 хувь болгохоор тооцоолж орж ирсэн байна. Гэтэл улс төрийн намуудын дөрвөн сарын өмнө амлаж байсан хөтөлбөрөөс зөрж байна. Нэг талаасаа төсвийн хэмжээ нэмэгдэнэ гэдэг хувийн хэвшилтэй өрсөлдөж байна гэсэн үг. Хэрвээ энэ нэмэгдэж байгаа төсвийн дүн хувийн хэвшилд байсан бол шагнал урамшууллаа нэмэх, илүү бүтээмж өндөртэй хүмүүст энэ мөнгийг үлдээх боломж байсан.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Ирэх оны төсөвт томилолт, зочны зардал 111 тэрбум төгрөг болсон нь өмнөх оноос 4 дахин нэмэгдсэн байна. Үүнээс гадна тавилга, эд хогшил, урсгал зардалд 267 тэрбум төгрөгийг тавьсан байгаа нь өнгөрсөн оны төсвөөс 2.2 дахин нэмэгдсэн байна. Мөн мэдээлэл технологийн үйлчилгээ гэх зардалд 70 тэрбум төгрөг тавьсан нь 3.6 дахин нэмэгдэж байна. Бусдаар гүйцэтгүүлсэн ажлын үйлчилгээний төлбөр хөлс 1.9 их наяд төгрөг болсон нь мөн өмнөх оныхоос 2.5 дахин нэмэгдсэн. Хамгийн ноцтой нь энэний ард ямар ажил үйлчилгээ явах нь тодорхойгүй. Бараа ажил үйлчилгээний зардал 450 тэрбум байснаа 690 тэрбум болж нэмэгдсэн. Энэ зардлууд нь Улаанбаатар хотод төрийн захиргааны төв байгууллагын зардал байна. Энэ төсөвт хөдөө орон нутагт нэг ч шинэ хөрөнгө оруулалт, тавилга тоног төхөөрөмжийн зардал тусгагдаагүй нь шударга бус гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Б.Түвшин:  Улсын төсвийн бүтээмжийг нэмэгдүүлж, үр ашгийг өсгөх шаардлага хүргүүлж байна 2024 онд Засгийн газрын урсгал зардал 22 их наяд, маш их хэмжээний үргүй зардалтай гэдэг аудитын дүгнэлт гарсаар байтал урсгал зардлыг 26 их наяд болгож оруулж ирсэн. Урсгал зардал гэдэг тухайн жилдээ гараад дуусдаг. Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас өндөр хамааралтай. Уул уурхайгаас олж байгаа орлогоо үргүй зардалд зарцуулбал, дахиад зардал шаарддаг. Бизнес эрхлэгч, ажил олгогч нар нийгмийн даатгал болон нэмэгдсэн өртгийн албан татварын өндөр дарамтад байхад тэдний төлж буй энэ их мөнгө үргүй байдлаар зарцуулагдаж байгаа тул тусгай шаардлагыг Засгийн газарт хүргүүлж байна.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Зардлын өсөлт, төсвийн тэлэлт эдийн засагт сөргөөр нөлөөлөх гээд байна. Инфляц хоёр оронтой тоонд хүрэх бодит эрсдэл байна. Төгрөгийн ханшийг сулруулах эрсдэл байна. Гадаад валютын нөөц багассан гэж байгаа. 2025 оны төсвийн төслийг дахин хэлэлцэж, засвар оруулах шаардлагатай байна. Тэгж байж ирэх оны эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах боломж бүрдүүлмээр байгаа юм. Төсвийн урсгал зардлыг 3.6 их наядаар бууруулах боломж байна. 2025 оны төсвийн зарлагын хэмжээ 5.3 их наяд төгрөгөөр, Засгийн газрын өр зээл таван их наядаар нэмэгдэж, 40.5 их наяд, урсгал зардал 3.6 их наядаар нэмэгдэж, төсвийн алдагдал 1,9 их наяд төгрөгт хүрч байна. Том 14 мега төслийг бид дэмжиж байгаа. Гэхдээ энэ төслүүдээр халхавчилж, төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг үндэслэлгүй нэмж байгааг эсэргүүцэж байна. Үүнээс болж ард иргэдийн амьдралд нөлөө үзүүлнэ. Төгрөгийн ханш нэмэгдэж, долларын ханш өснө. Монгол Улсын дунд хугацааны эдийн засаг эрсдэлд орох болчхоод байна. Тиймээс Засгийн газарт шаардлага хүргүүлж байна. Засгийн газар үүнд ажил хэрэгч хандаасай. Иргэдийн орлогыг хамгаалах акцыг эхлүүлж байгаа гэдгийг хэлмээр байна.

Сэтгэгдэл
Ц.Халиунаа 18нас2024-11-06 23:49157.15.7.118
Төсвөө тана!
Б. Пүрэвжаргал2024-11-07 09:1066.181.161.120
Төрийн албан тушаалтнууд бол бүгд ард иргэдэд үйлчилдэг хүмүүс билээ. Ямагт улсаа бодсон оновчтой зөв шийдвэрийг гаргах ёстой. Иргэн миний зүгээс ‘Татварын мөнгийг үр ашиггүй зарцуулахыг эсэргүүцэж байна’ . Эрүүл ухаанаар бидэнд үйлчилж татвар төлөгчдийн мөнгийг зарцуулж байгаа гэдгээ дахин бодно уу??? Миний төлсөн татварын мөнгийг үр ашигтай зарцуулаасай гэж хүсэе! Иргэн Пүрэвжаргал
Б.Баярцэцэг2024-11-10 20:1766.181.182.29
УИХ-ын гишүүдийн гадаад томилолтын зардлыг танах, гишүүдийн утасны төлбөрийн зардлыг танах, зураг төлөвгүй орж ирсэн хөрөнгө оруулалтын зардлыг танах хэрэгтэй байна.