2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан УИХ анхдугаар чуулганаа хийж, гишүүд тангаргаа өргөлөө. Дараа нь УИХ-ын даргаар Д.Амарбаясгаланг сонгох санал хураалт явуулав. Хуралдаанд 126 гишүүн оролцсоноос 121 нь дэмжиж, Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаар сонгох тогтоолын төслийг баталлаа.
Тогтоолын төслийн эцсийн найруулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин үг хэллээ. Тэрбээр “Парламент дэг, зохион байгуулалтаа өөрөө тогтоож байх ёстой. Энэ парламентыг ирэх дөрвөн жилд удирдах хүнийг сонгох асуудлыг ямар ч хэлэлцүүлэггүй шийдэх дэгийг хуульчилсан юм байна. Парламентын ардчиллыг бэхжүүлье гэж зорьж байгаа бол шинээр бүрэлдэж байгаа парламент дэгээ өөрөө тогтоох ёстой. УИХ-ын даргаар ажиллах хүнтэй холбогдуулан таван зүйл хэлье. УИХ-ын дарга бол парламентат ёсыг бэхжүүлэх Үндсэн хуулийн гол багана. Нэгдүгээрт, УИХ-ын дарга Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд орж ажиллаж, парламентаас гадуурх эрх мэдэл эдэлдгийг зогсоох ёстой. Хоёрдугаарт, Тусгай хяналтын дэд хороотой холбоотой чиг үүргийг сайжруулахгүй бол Монгол Улсын иргэнд халдаж байгаа тагнуул, цагдаагийн байгууллагын гүйцэтгэх ажил гадаад бодлогын асуудал шиг гадуур өнгөрдөг болсон байна. Тиймээс энэ удаагийн УИХ хүний эрхийн талд зогсъё гэж бодож байвал иргэнийхээ үндсэн эрх, эрх чөлөөнд халдаж байгаа үйл ажиллагааг хянадаг чиг үүргийг Хууль зүйн байнгын хороо, эсвэл иргэдийнхээ асуудлыг шийддэг дотоод бүтэц рүү шилжүүлэх шинэчлэл хийх хэрэгтэй. Гуравдугаарт, парламентын засаглал бүхий ардчилсан улсад ямар ч парламент гүйцэтгэх эрх мэдэлтэйгээ холилдож, “нэг байшинд байдаггүй”. Тиймээс Төрийн ордноос Засгийн газраа гаргана гэдэгт итгэж байна. Дөрөвдүгээрт, эвслийн Засгийн газар байгуулах яриа гарч байна. Ийм тохиолдолд парламент суларна. Парламентын хяналтыг сайжруулахын тулд аудит, Хүний эрхийн үндэсний комисс, Төрийн албаны зөвлөл зэрэг парламентын хяналтыг бие даасан байдлаар ажиллуулдаг эдгээр бүтцийг зохион байгуулж, сайжруулах ёстой. Тавдугаарт, хуулийн засаглал тогтооё гэж зорьж байгаа бол авлигатай тэмцэх ажлыг парламентаасаа эхлүүлж тэргүүлэх ёстой. Энэ удаагийн парламент авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, манлайлал үзүүлээсэй гэж хүсэж байна” гэв.
УИХ-ын гишүүдийн хурууны хээг таних, баталгаажуулах ажил үргэлжилж байгаа тул УИХ-ын гишүүд гар өргөж санал хураалтад оролцлоо.