Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Туулхүү, Ш.Солонго, Б.Буяндэлгэр нарын бүрэн эрхийн хугацаа дуусаж буй тул эдгээр орон тоонд Ерөнхийлөгч хоёр, УИХ-аас нэг нэр дэвшигчийг дэвшүүлжээ. Үндсэн хуулийн жарантавдугаар зүйлийн 1-т “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заасан.
Ц.Цолмонг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэхээр УИХ-аас санал болгож буйг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулсан. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Бямбадоржийн Болдбаатар, Рагчаагийн Батрагчаа нарыг нэр дэвшүүлжээ. Ц.Цолмон 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. 1988 онд нийслэлийн 52 дугаар сургуулийг дүүргэсэн. 1988-1992 онд ОХУ-ын Омскын технологийн сургуулийг төгссөн. 1994-1998 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөн, 2001-2003 онд Английн Эксетерийн их сургуульд хууль зүйн ухааны магистр, 2013-2014 онд АНУ-ын Колумбын их сургуульд суралцаж хууль зүйн ухааны магистрын зэргийг хамгаалсан байна.Тэрбээр 1993-1994 онд УИХ-ын Тамгын газарт мэргэжилтэн 1998-2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, 2004 оноос Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх, 2004-2013 онд ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга, 2014-2016 онд Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч 2016-2019 онд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2020-2022 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирлаар ажиллажээ.
Нэр дэвшигч Бямбадоржийн Болдбаатар: 1968 онд Улаанбаатарт төрсөн. 1992 онд Москва хотын авто замын дээд сургууль, 2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг дүүргэсэн. Инженер, хуульч мэргэжилтэй. 2004 оноос УИХ-д ажиллаж эхэлсэн бөгөөд УИХ дахь “Эх орон-Ардчилал” эвслийн бүлгийн дэд дарга, УИХ дахь олонхын бүлгийн ажлын албаны дэд дарга, УИХ дахь АН-ын зөвлөлийн болон бүлгийн Ажлын албаны даргаар ажилласан. 2012 оноос УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.
Нэр дэвшигч Рагчаагийн Батрагчаа: 1995-1999 онд “Отгонтэнгэр” Их Сургууль, Олон улсын эрх зүйч /бакалавр/, 2000-2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн магистр, 2004-2005 онд Их Британийн Нью Коллеж Ноттингам, Өмгөөллийн 6-р шатны дээд курс, 2008-2009 онд Удирдлагын академи, Төрийн удирдлагын менежмент /диплом/ тус тус дүүргэсэн. 1999-2000 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь Сум дундын прокурорын газарт хяналтын прокурор, 2001-2003 онд “Түшээ” ХЗДС-д Эрх зүйн тэнхимийн багш, 2005-2016 онд өмгөөлөл, хуулийн фирмийн захирал, өмгөөлөгч, 2016-2019 онд Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ын Захиргаа, санхүүгийн газрын дарга, 2019-2020 онд Нийслэлийн засаг даргын тамгын газрын дарга, 2020-2022 онд Эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, 2022 оноос Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, 2024 оноос Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөхөөр томилогдон ажиллаж байсан.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр нэр дэвшигчийг томилох, эсэхийг хэлэлцэх юм.