Үндсэн хуулийн цэцийн гурван гишүүний бүрэн эрхийн хугацаа өнөөдөр дуусна
2024-05-24

         Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Туулхүү, Ш.Солонго, Б.Буяндэлгэр нарын бүрэн эрхийн хугацаа өнөөдөр дуусаж байна. Тэдгээр гишүүнийг 2018 оны тавдугаар сарын 24-нд томилсноос хойш зургаан жил болсон байна. Үндсэн хуулийн жарантавдугаар зүйлийн 1-т “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заасан.

       Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэр, Г.Туулхүү нарыг Ерөнхийлөгч, Цэцийн гишүүн Ш.Солонгыг УИХ-аас санал болгож, парламент томилсон. Иймд Үндсэн хуулийн цэцийн гишүүний хоёр орон тоонд Ерөнхийлөгч, нэг орон тоонд УИХ-аас хүн нэр дэвшүүлэх ёстой. Одоогоор тус орон тоонд нэр дэвшүүлээгүй байна.

        Ташрамд дурдахад, Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчтэй холбогдуулан УИХ-аас нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах хуулийн зохицуулалтыг Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр хүчингүй болгосон бөгөөд УИХ уг шийдвэрийг хүлээж авахгүй гэсэн тогтоол гаргаад хагас жил шахам хугацаа өнгөрч байна. Тодруулбал, УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлд Цэцийн гишүүнийг томилохдоо УИХ нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулахаар хуульчилсныг Үндсэн хуулийн цэцийн 2023 оны есдүгээр сарын 27-ны 05 дугаар дүгнэлтээр тус өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн. Харин УИХ-ын 2023 оны аравдугаар сарын 05-ны 78 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар уг маргааныг шийдвэрлэх ёстой ч одоог хүртэл хэлэлцээгүй байна.

 

Бэлтгэсэн: Uih.mn 

Сэтгэгдэл