УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэхийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Батжаргалын асуултад Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар хариулахдаа “За, Батжаргал дарга таны гар өргөж, батлалцсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд “дагуул хотыг нийслэлийн болон бусад засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид, эсхүл засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэн хэдэн нэгжид дагнан байгуулж болно” гэж хэдүүлээ баталсан” хэмээн хариу тайлбар өгөв.
Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг батлах үеэр УИХ-ын гишүүн Ж.Батжаргал дэмжсэн санал өгсөн, эсэхэд UIH.mn факт чек хийлээ. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 2021 оны 7 сарын 7-нд баталсан. УИХ-ын Тамгын газрын албан ёсны сайт болох Parliament.mn-ийн “УИХ-ын үйл ажиллагаа”, “Хууль тогтоох үйл ажиллагаа”, “Нэгдсэн хуралдаан”, “Санал хураалтын дүн” хэсгээс үзэхэд Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг эцэслэн батлахад УИХ-ын гишүүн Ж.Батжаргал татгалзсан санал өгчээ.
Албан ёсны дээрх эх сурвалжийн баримтад үндэслэн Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар худал хэлснийг ийнхүү нягтлав.
Бэлтгэсэн: Uih.mn