Зуд, малчин хоёроор далимдуулж ноцтой заалттай хуулийг хүч түрэн батлах уу
2024-04-19

           Засгийн газраас УИХ-д энэ сарын 10-нд өргөн мэдүүлсэн, малчдад дэмжлэг үзүүлэх зорилготой гэж тодотгоод буй хуулийн төслийг УИХ яаралтай горимоор хэлэлцэн батлах шатандаа орлоо. Хуулийн төсөл нь “Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай” гэсэн нэртэй. Уг төслийн эцсийн хэлэлцүүлгийг өнөөдөр хийх үеэр УИХ дахь бүлгийн гишүүдийн хооронд ширүүн маргаан өрнөв. Хууль санаачлагч буюу Засгийн газар, тэр дундаа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан улстөржсөн, уянгын халилтай үгсээр хуулийн төслөө батлуулах гэж “улайрсан” бол АН-ын бүлгийнхэн уг хуулийн төсөл нь товчхондоо сонгууль угтсан “мөнгөөр угжих” зорилготойг хэлж байв.

Сэм шургуулсан ноцтой заалт

          Хуулийн төслийг бүхлээр нь харвал малчид хоршоо байгуулж ажиллах боломж нөхцөл бүрдүүлэх, дэмжлэг үзүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүний зах зээл, үйлдвэрлэлийг хөгжүүлэх агуулгатай зүйл, заалт, зохицуулалтууд тусжээ. Гэвч нарийвчлан харвал сэм шургуулсан хоёр заалт их ноцтой. Тодруулбал, хуулийн төслийн 6.1.9-т зааснаар бол жилийн батлагдсан төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсөв хооронд, төсвийн ерөнхийлөн захирагч хооронд, хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх бүрэн эрхийг Засгийн газарт олгожээ. Мөн хуулийн 6.1.9-д заасан арга хэмжээнүүдийг Засгийн газар хэрэгжүүлэхэд Төсвийн тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон бусад хуульд өөрөөр заасныг дагаж мөрдөхгүйгээр буюу энэ хуулийг дагаж мөрдөхөөр зохицуулалт тусгасан байна. Энэ нь УИХ-ын төсөв батлах, хяналт тавих бүрэн эрхэд халдсан, Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан өр, зээлийн болон бусад босго, хязгаарлалтыг давсан шинжтэй “аюултай” заалт юм. Үндсэндээ зуд, малаа алдсан малчдад туслах нэрийдлээр Засгийн газар төсөв, зээлийн хөрөнгийг хяналтгүйгээр дураар зарцуулах нөхцөл бүрдүүлэх зохицуулалт гэж хэлж болохоор. Асуудал, бэрхшээлээр түрээ барьж, яаж төсөв, хөрөнгө дураар зарцуулах эрх мэдлийг нэгээс нөгөөд шилжүүлэх хуулийг яаралтай горимоор баталдгийн нэг жишээ нь энэ. Ийм зохицуулалттай хуулийг хүч түрэн батлах гэж байгаа нь Үндсэн хуульт ёс, төрийн эрх мэдлийн хуваарилалт, парламентын ардчилал “шалан дээр” байгаагийн илрэл юм.  Хуулийн төслийн онцлох зүйл, заалт, зохицуулалтыг доор бичив. (Хуулийн төслийг бүрэн эхээр нь үзэх бол энд дарна уу).

6.1.Монгол Улсын Засгийн газраас мал аж ахуйн салбарыг дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

  • 6.1.1.уур амьсгалын өөрчлөлтийн улмаас учирч болох гамшгийн эрсдэлийг урьдчилан тооцох, байгаль, цаг уурын аюулт үзэгдлийн талаарх мэдээллийг шуурхай мэдээлэх тогтолцоог бүрдүүлэх;
  • 6.1.2.уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадавхитай мал аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлэх арга хэмжээ авч, гамшгийн эрсдэлийг бууруулах, малчны амьжиргааг дэмжих арга хэмжээний төлөвлөгөөг батлах;
  • 6.1.3.малчид нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор сайн дурын үндсэн дээр хамтрах, хоршоо байгуулах, малчдын хоршоонд нэгдэх санаачлагыг дэмжих арга хэмжээ авах;
  • 6.1.4.мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх хүрээнд малчдын хоршооны хөрөнгө оруулалтад шаардагдах эх үүсвэрт дэмжлэг үзүүлэх;
  • 6.1.5.бэлчээрийн эдэлбэр газрын тогтвортой байдлыг хамгаалах, малын тоо толгойн зохистой хэмжээг бэлчээрийн даацтай уялдуулах;
  • 6.1.6.байгалийн аюулт үзэгдэл, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин, цар тахлыг даван туулах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, дасан зохицоход чиглэсэн мэдлэг, мэдээллийг малчдад олгох;
  • 6.1.7.малчид харилцан суралцах, мэдлэг, туршлагаа хуваалцах, малчны залгамж халааг бэлтгэх арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх;
  • 6.1.8.малын тэжээлийн нэр төрөл, тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх;
  • 6.1.9.жилийн батлагдсан төсвийн нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсөв хооронд, төсвийн ерөнхийлөн захирагч хооронд, хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх.
  • 6.2.Энэ хуулийн 6.1.9-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд Төсвийн тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон бусад хуульд өөрөөр заасан бол энэ хуулийг дагаж мөрдөнө.

  

УИХ-ын дарга нь өөрөө УИХ-аа “хүчгүйдүүлж” байна

            УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар тус хуулийн төслийг хэлэлцэх үед хууль санаачлагчийн талаас уянгын халилаар “хуулийн хулгай” хийх гэж байгаагаа өнгөлөн далдалж байв. Тодруулбал, цөөнхийн бүлгийн зүгээс “Энэ хууль өр, зээлийн босго, хэмжээг баримтлаагүй, хуульт, эрх зүйт ёсыг уландаа гишгэж байна. Үнэхээр малчдыг хоршоо хэлбэрээр ажиллуулж зээл олгох гэж байгаа юм бол Хоршооны тухай хуулиа хэрэгжүүлэх хэрэгтэй... Цаасан дээр биччихээд тайлбарлах амар. Гэхдээ бодит байдал өөр шүү.  Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг хоршоодод өгнө гэсэн хууль хэрэгжээд 3 жил болж байна. Үр дүн нь хаана байна вэ” гэх зэргээр байр сууриа илэрхийлэв. Харин Засгийн газрын гишүүн Д.Амарбаясгалан “Маш харамсалтай байна, та мал аж ахуйн салбарыг хөгжих ёсгүй, хотжих ёстой гэдэг үг хэлж байна шүү дээ...Та малчдыг чадваргүй, мэдлэггүй гэж гүтгэж болохгүй шүү. Мал дээр байгаа малчдын монгол ухаан танаас, биднээс илүү” гэх зэргээр хариулсан. Засгийн газрын гишүүн Ц.Даваасүрэн ч мөн адил уянгын халилтай үг хэлэхээ мартсангүй. Тэрбээр “...Малын захад өсөж байгаа хүүхдүүд хотод өсөж байгаа хүүхдүүдээс илүү эх орон, байгаль дэлхийдээ хайртай. Тиймээс Монголын тусгаар тогтнолын нэг баталгаа байсаар ирсэн, цаашдаа ч байх ёстой улсууд бол малчид. Тэд эх орончид байдаг юм. Энэ талаас нь бид харах ёстой...” гэсэн бол ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун 6, 7 сая мал хорогдчихоод байгаагаар “далайлгаж” байв.

            УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага, Засгийн газарт хяналт тавих ёстой. Гэтэл ийм байгууллагыг удирдаж байгаа УИХ-ын дарга Г.Занданшатар өөрөө УИХ-ын онцгой бүрэн эрх, эрх мэдлийг Засгийн газарт олгох эрсдэлтэй хуулийг дэмжээд зогсохгүй, яаралтай батлах ёстой гэж “хүч түрэв”. Хуулийн төслийн хэлэлцүүлгээс ч завсарлага авах боломж олгосонгүй буюу нүглийн нүдийг гурилаар хуурдгийн адилаар хоёр цагийн завсарлага өгөв. Тэрбээр “Энэ асуудал Засгийн газраас нэн яаралтай горимоор өргөн баригдсан. Хэлэлцэх, эсэх асуудлыг шийдэж байх үед үүнтэй холбоотой ямар нэгэн завсарлагыг АН-ын бүлгээс аваагүй. Өнөөдөр байнгын хорооны танилцуулгатай хологдуулж асуулт хариулт явагдаж байгаа. Байнгын хорооноос төсвийн зохицуулалтыг тухай бүрд нь УИХ-д танилцуулна гэсэн зарчмын зөрүүтэй санал нэмж оруулсан. УИХ төсвийн зарцуулалтад хяналт тавих бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа гэж үзсэн байгаа. Одоогоор 7 сая мал хорогдчихоод байна...Ийм яаралтай нөхцөл байдлын үед мал аж ахуй ган зудын нөхцөл байдлыг давж чадах уу, үгүй юү гэдэг хамгийн гол зүйл нь хоршоолол юм. Хоршооллыг төрийн бодлогоор дэмжих хэрэгтэй гэсэн зөвлөмжийг АХБ-наас өгсөн...Зээл олгохгүй, дэмжиж байгаа юм. Энэ асуудал чинь эмзэг асуудал. Ийм яаралтай асуудал учраас АН-ын бүлэгт 2 цаг хүртэл завсарлага өглөө” гэсэн. Түүний энэ үгэнд дурдсанаар бол Засгийн газрын зарцуулах төсөв, хөрөнгийн зарцуулалтыг тухай бүр УИХ-д танилцуулахаар хуулийн төсөлд заалт оруулжээ. Угтаа бол энэ нь бүтэшгүй зүйл. Ямар хөрөнгийг яаж зохицуулалт хийж шийдэх, зарцуулах эрхийг Засгийн газарт өгчхөөд хяналт тавина гэдэг үлгэр болно. Яг л цар тахлын үед төсвийг хяналтгүй зарцуулсантай ижил үйл явдал давтагдах эрсдэл үүсэж байна.

         Эцэст нь хэлэхэд, УИХ дахь цөөнхийн бүлгийн хяналт ч сул, хариуцлагагүй байна. Ийм хуулийн төслийг өргөн бариад 10 шахам хонож байхад дөнгөж завсарлага авах, гишүүд нь эсэргүүцэж байр сууриа илэрхийлэхээс өөрөөр дорвитой ажилласангүй, тэд.

2024.04.19 үдээс хойших хуралдаан.

            АН-ын бүлгээс авсан завсарлагын дараа үргэлжилсэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн 6.1.9 дэх заалтын “төсөв хооронд” гэснийг, 6.2 дахь хэсгийн “Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон” гэснийг тус тус хасаж, төсөлд  “Энэ хуулийн 6.1.9-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэх, зохицуулалт хийсэн тухай бүр Улсын Их Хуралд танилцуулж байна.” гэсэн 6.3 дахь хэсэг нэмэхээр өөрчлөлт оруулсныг хэлэлцэж, санал хураав. Харамсалтай нь хуулийн төсөл хэлэлцүүлгийн явцад хэрхэн өөрчлөгдсөнийг мэдэх боломжгүй тул энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй юм. Маргааш буюу баасан гаргийн 10 цагт тус хуулийн төслийг эцэслэн батлах бололтой.

         

 

Бэлтгэсэн: Uih.mn

Сэтгэгдэл