Хуулийн төслүүдийг нээлттэй болгоно уу
2024-04-03
УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Энхболд нараас Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нээлттэй болгож, Хууль тогтоомжийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг шаардаж байна.
Үндсэн хуульд зааснаар Монгол Улсад засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Гэвч хуулийн төслүүд боловсруулах, УИХ-аар хэлэлцэн батлахдаа иргэдийн санал, оролцоо, ил тод байдлыг бодитоор хангахгүй байна. Үүний нэг жишээ нь эдгээр хуулийн төслийг нээлттэй байршуулахгүй байгаа тохиолдол юм. 2024 оны сонгуулийн дараа байгуулагдах анхны 126 гишүүнтэй парламент ямар зохион байгуулалт, дэг зарчмаар ажиллахыг эдгээр хуулиар шийднэ. Гэвч хуулийн төслүүдийг иргэд, олон нийт, иргэний нийгмийн байгууллагынхан, судлаачдад нээлттэй болгохгүй, тэдний саналыг авахгүйгээр боловсруулж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болно.
 
Хууль тогтоомжийн тухай хуулийн заалтууд
  • 38.1. Хууль санаачлагч хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээс өмнө олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж, холбогдох материалыг баримтжуулан хууль тогтоомжийн төслийн бүрдүүлбэрт хавсаргана.
  • 38.7. Хууль санаачлагч олон нийтийн хэлэлцүүлгийн хугацаа дууссан өдрөөс хойш 30 хоногийн дотор хуулийн төсөлд тусгасан болон тусгаагүй саналын товъёгийг бэлтгэн албан ёсны цахим хуудсандаа байршуулна.
  • 38.2. Хууль санаачлагч албан ёсны цахим хуудсандаа хууль тогтоомжийн төсөл болон энэ хуулийн 40.1.2, 40.1.3-т заасан баримт бичгийг байршуулж, хууль тогтоомжийн төсөлд санал өгөх хугацааг тодорхой заана.
  • 38.3. Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 38.2-т заасан хугацаа 15-аас доошгүй хоног байна.

 

​Бэлтгэсэн: Uih.mn

Сэтгэгдэл