Орон нутгийн сонгуулийг аравдугаар сарын 11-нд зохион байгуулна
2024-03-18

        УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар "Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “УИХ орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийг сонгуулийн жилийн 05 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно.”, мөн зүйлийн 9.2 дахь хэсэгт “Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь ээлжит сонгуулийн жилийн 10 дугаар сарын эхний хагасын аль нэг ажлын өдөр байна.” гэж заасан байдаг. Үүний дагуу Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийг 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн товлон зарлахаар, санал авах өдрийг  2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байхаар тогтоолын төсөл боловсруулжээ. 

Тус тогтоолын төслийг баталъя гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 53.7 хувь нь дэмжив.

 

Бэлтгэсэн: Uih.mn

Сэтгэгдэл