Засгийн газрын өрийг бүрэн төлж барагдуулаагүй
2023-12-25

        Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын зарим бондын өрийг төлсөн талаар 2023 оны арван хоёрдугаар сарын 23-нд олон нийтэд мэдээлэл хийсэн. Уг мэдээллийн үеэр дараа Монгол Улсын Засгийн газрын өрийг бүрэн төлж барагдуулсан гэх мэдээлэл, ойлголт нийгэмд болон цахим сүлжээнд түгээд байна. Иргэдэд Засгийн газрын өрийн талаар үнэн зөв ойлголт өгөх зорилгоор Uih.mn тус мэдээлэлд фактчек хийлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдлийнхээ эхэн хэсэгт “Шинэ оны босгон дээр гадаад өрийн дарамтаас бүрэн гарч чадсанаа ийнхүү зарлаж байна... Манай Засгийн газрын хувьд цар тахлын үед, мөн дайны цаг үед авлигатай тэмцэж, гадаад өрийг хугацаанд нь төлж, эх орноо дампуурлаас хамгаалах нь энэ цаг хугацааны түүхэн үүрэг байлаа...Хөгжлийн банк болон “Эрдэнэс Тавантолгой” компанид авч хэрэгжүүлсэн авлигын эсрэг багц арга хэмжээний үр дүнд монголчууд та, бид 12 жил үргэлжилсэн өрийн гинжин хэлхээнээс өнөөдөр гарч чадлаа... Монгол Улсын Засгийн газар “Чингис” бондын 1.5 тэрбум, “Мазаалай” бондын 500 сая, “Гэрэгэ” бондын 800 сая, “Хуралдай” бондын 430 сая, “Евро” бондын 500 сая, “Самурай” бондын 200 сая ам.доллар болон бусад өр, төлбөрүүдийг төлөхөд 13.3 их наяд төгрөгийг зарцууллаа...” ...” хэмээн онцолсон. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдэгдлийг үзэх холбоос 

Дээрх мэдэгдэл нь Монгол Улсын Засгийн газрын өрийг бүрэн төлж барагдуулсан гэж ойлгогдохуйц, төөрөгдүүлсэн шинжтэй байна. Монгол Улсын Засгийн газрын өрийг бүрэн төлж барагдуулаагүй бөгөөд дараах эх үүсвэрүүдээс өр, зээлийн талаарх үнэн бодит тоо баримт, мэдээллийг танилцуулж байна.

  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдэгдлийн дараа Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийх үеэрээ “Монгол Улсын нийт 34 тэрбум ам.доллар байна. Монголбанкны өр 2 тэрбум ам.доллар, Засгийн газрын гадаад өр 7.9 тэрбум ам.доллар, арилжааны банкнуудын гадаад зээл 1.6 тэрбум ам.доллар, аж ахуйн нэгжүүдийн гадаад зээллэг 22.5 тэрбум ам.доллар байна” гэж мэдээлэв.  
  • Сангийн яамны mof.gov.mn сайтад мэдээлснээр 2023 оны III улирлын байдлаар Засгийн газрын гадаад өр 29.2 их наяд төгрөг байна. үзэх холбоос 
  • Үндэсний статистикийн хорооны Засгийн газрын нийт өрийн статистик мэдээллээс үзэхэд 2023 оны III улирлын байдлаар Засгийн газрын нийт өр 30.8 их наяд төгрөг байна. Үүнээс Засгийн газрын гадаад өр 29.2 их наяд төгрөг байна. үзэх холбоос

Бэлтгэсэн: Uih.mn

Сэтгэгдэл