"Хүний эрхийн үндэсний форум-2023"-ыг зохион байгуулна
2023-12-07

       Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ой, Олон улсын хүний эрхийн өдөр энэ долоо хоногт тохиож байна. Хүний эрхийн Үндэсний Комиссоос хүний эрхийг хангах, хамгаалах үндэсний бодлогыг шинэчлэх, тогтолцоог бэхжүүлэх, төрийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын олон талын оролцоотойгоор хүний эрхийн тулгамдаж буй асуудал, шийдэл, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох зорилгоор тус ойг тохиолдуулан “Хүний эрхийн Үндэсний форум-2023” арга хэмжээг Төрийн ордонд маргааш зохион байгуулна.

       Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Эрх чөлөө-Тэгш боломж-Эв нэгдэл” уриатай зохион байгуулагдах тус форумаар дараах сэдвээр эрдэмтэн судлаачид, тал талын төлөөллүүд хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.  

  • Хүний эрх ба Цахим хөгжил
  • Хүний эрх ба Тэгш байдал
  • Хүний эрх ба Уур амьсгалын өөрчлөлт

Тус арга хэмжээнд НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын газрын Ази, Номхон далайн бүсийн газрын дарга Рори Мунговен тэргүүтэй төлөөлөгчид оролцох бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүний эрхийн үндэсний комисс, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, Европын Холбооны Төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулж байгаа аж. 

        ХЭҮК жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-нд тохиодог Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын хүний эрхийн гэрээ, конвенцоор баталгаажсан хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, хүндэтгэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн, үр нөлөөг үнэлэн дүгнэж, тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, ахиц дэвшил гаргах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүний эрхийн Үндэсний Форум”-ыг 2005 оноос хойш зохион байгуулж ирсэн. 

Сэтгэгдэл