УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Энхбатыг томилохыг дэмжив
2023-11-29

      УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанд УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Энхбатыг томилуулахаар УИХ-ын дарга Г.Занданшатар санал болгосныг танилцууллаа. Тус албан тушаалд ажиллаж байсан Л.Өлзийсайхан Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон. УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар нэр дэвшигч Д.Энхбатыг танилцуулахдаа "1997 онд нийслэлийн 78 дугаар дунд сургууль, 2001 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2008 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын магистр, 2013 онд БНХАУ-ын Өвөр Монголын их сургуульд докторын зэрэг хамгаалсан. 2009-2017 онд УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэст зөвлөх, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ахлах зөвлөх, 2017-2022 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газар, Салбарын удирдлага, зохицуулалтын газарт Засгийн газрын ахлах референт, 2022 онд УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Хуралдаан зохион байгуулах хэлтсийн дарга, мөн оноос УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн даргаар ажиллаж байна. Төрийн албанд 15 жил, үүнээс 11 жил УИХ-ын Тамгын газарт ажиллаж байгаа дадлага туршлагатай төрийн албан хаагч" хэмээн онцлов. Байнгын хорооны гишүүдийн олонх түүнийг томилохыг дэмжлээ. 

      Дараа нь Байнгын хорооны тогтоолыг хүчингүй болгох тухай асуудлыг хэлэлцэв. Байнгын хороо 2023 оны арьаннэгдүгээр сарын 15-ны хуралдаанаараа тогтоол баталж, Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Л.Цэдэвсүрэн, Н.Мягмар нартай хийх нэр дэвшигчийн сонсголыг 2023 оны арванхоёрдугаар сарын 4-нд зохион байгуулахаар, нэр дэвшигчидтэй хийх нэр дэвшигчийн сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн Г.Ганболдыг томилж, нэр дэвшигчид хандан асуух асуулт, саналыг 2023 оны арваннэгдүгээр сарын 30 хүртэл хүлээн авахаар тусгасан. УИХ-аас нэр дэвшүүлсэн Н.Мягмар нэрээ татах хүсэлт ирүүлсэн учир Байнгын хорооны тогтоолыг хүчингүй болгож, дараагийн нэр дэвшигчид тодортол Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчидтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг хойшлуулахаар санал оруулан, Байнгын хорооны тогтоолыг хүчингүй болгох тогтоолын төслийг боловсруулсныг хуралдаан даргалагч танилцуулсан. Тогтоолын төсөлтэй холбоотой асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжснээр Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа.  

Сэтгэгдэл