Хүн төрөлхтөн нийтээр хүлээн зөвшөөрсөн анхны баримт бичиг бол Хүний эрхийн түгээмэл тунхаглал юм. Хүний эрхийг хүн бүрд төрөхөөс заяагдсан, салшгүй бөгөөд түгээмэл болохыг баталгаажуулснаас хойш 75 жилийн ой энэ онд тохиож байна. Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталснаас хойш эрүүдэн шүүхийг олон улсад хориглосон. Тодруулбал, тунхаглалын 5 дугаар зүйлд “Хэнд ч эрүү шүүлт тулган эсхүл хэнтэй ч хэрцгийгээр, хүний ёсноос гадуур буюу нэр төрийг нь доромжлон харьцах, шийтгэх ёсгүй” гэж заасан байдаг.
Эрүү шүүлтээс ангид байх эрх нь хүний жам ёсны эрх бөгөөд ямар ч үед үл хязгаарлагдах, онцгой эрх юм. Эрүү шүүлтийг хэзээ ч байж болохгүй, “эвлэрч”, “зөвтгөж” болохгүй зүйл гэж судлаачид онцлон тэмдэглэдэг. Өөрөөр хэлбэл, мэдээлэл олж авах буюу гэм бурууг нь хүлээлгэх, эсвэл шийтгэх, айлгах, албадах зорилгоор хэн нэгнийг санаатайгаар хүчтэй өвтгөх, шаналгах үйлдэл юм. Эрүү шүүлт нь олон нийтийн хараа хяналтаас ангид, далд хэлбэрээр буюу мөрдөн шалгах, хэрэг хянан шийдвэрлэх шатанд болон хорих ангиудад голчлон үйлдэгддэг байна. Хүнлэг бус харьцах, тохуурхах даажигнах, доромжлох, ор үндэсгүй мэдээ мэдээлэл цуглуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хуурамч мэдээлэл цацах нь эрүү шүүлтийн хэлбэр болдог аж. Тиймээс эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, түүний хор аюулыг олон нийтэд таниулах, сурталчлах, хүн бүрд хүний эрхийн мэдрэмж, хандлагыг төлөвшүүлэх нь маш чухал.
Монгол Улс Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж эрүүдэн шийтгэхийн эсрэг конвенцод 2000 онд нэгдэн оржээ. Харин тус конвенцын нэмэлт протоколыг 2015 онд 12 сарын 15-нд соёрхон баталснаар өөрийн улсад эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний байгууллага байгуулах үүрэг хүлээсэн юм. Үүний дагуу Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийг 2020 онд шинэчилж, эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний байгууллагыг ХЭҮК-ын дэргэд байгуулахаар батлав. Ингэснээр эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр сонгон, томилж ажиллуулж байна.
Эмнести интернэшнл олон улсын байгууллагаас 2018 онд гаргасан судалгааны тайланд “Хүн эхээс төрөхдөө эрүүдэн шүүгч болж төрдөггүй, харин тэд ямар нэгэн зүйлээс сэдэл авч, хэн нэгнээс суралцаж, өдөөгдөж, бэлтгэгдэж байдаг” гэжээ. Мөн сүүлийн жилүүдэд дэлхийн олон улс үндэстэн эрүүдэн шүүх хэрэгслийн худалдааг хориглон хязгаарлах дотоодын болон бүс нутгийн эрх зүйн зохицуулалтыг хөгжүүлэх чиглэлд ахиц дэвшил гаргасаар байгааг хөндсөн байна. Эрүү шүүлт Монголд тодорхой хэлбэрээр үйлдэгдэж байгааг Хүний Эрхийн Үндэсний Комиссын зарим илтгэлд бичиж, тодорхой санал, зөвлөмжөө УИХ-д хүргүүлсэн байдаг.
Эрүү шүүлтээс сэргийлэхийн тулд олон нийтийг соён гэгээрүүлэх, төрийн, тэр дундаа хууль хяналтын байгууллагын албан хаагчдыг хүний эрхийн сургалтад хамруулах, хүний эрхийн боловсрол олгох шаардлагатайг иргэний нийгмийн байгууллагууд дэвшүүлдэг. Үүнээс гадна эрүүдэн шүүсэн талаарх гомдол, мэдээллийг шалгах хараат бус байгууллагыг байгуулах ёстой гэсэн зөвлөмжийг НҮБ-ын Хүний эрхийн хорооноос манай улсад өгсөн байдаг.
Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн 34.1.1-т зааснаар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн аливаа хэлбэрээр хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, эсхүл тухайн этгээд өөрийн хүсэлтээр гарч явах боломжгүй бүх газарт саадгүй нэвтэрч, хяналт шинжилгээ хийх, эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар холбогдох эрх бүхий байгууллагад шилжүүлэх, холбогдох байгууллага, албан тушаалтанд зөвлөмж хүргүүлэх бүрэн эрхтэй байдаг.
Төр, засгийн байгууллагууд, иргэн бүр эрүү шүүлтгүй Монголын төлөө хариуцлагатай байх ёстойг эцэст нь тодотгож, зарим тоо, мэдээллийг постер хэлбэрээр танилцуулж байна.
Бэлтгэсэн: Б.Уянга