Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчдийг томилохыг дэмжив
2023-11-15

       УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Цэцийн гурван гишүүний орон тоонд Ерөнхийлөгч, Улсын дээд шүүх, УИХ тус бүр нэг хүнийг нэр дэвшүүлсэн байна. Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Э.Энхтуяаг, Улсын дээд шүүхээс О.Мөнхсайханыг, УИХ-аас Л.Өлзийсайхан нарыг тус тус нэр дэвшүүлжээ. 

         Нэр дэвшигч Э.Энхтуяа нь 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. 46 настай, нөхөр хүүхийн хамт амьдардаг байна. 1995 онд Ховд аймгийн 10 жилийн I дунд сургуулийг, 1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. 2005 онд Япон Улсын Кюши их сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан, англи, орос хэлтэй. Тэрбээр 1999-2000 онд Ховд аймгийн прокурорын газрын нарийн бичиг, 2000-2001 онд ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газарт бичиг хэргийн эрхлэгч, 2001-2002 онд ХЗДХ-ийн дэд сайдын туслах, 2002-2012 онд ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 2012-2016 онд ХЗЯ-ны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн, 2016 оноос ХЗДХЯ-ны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар тус тус ажиллаж байжээ. Хуульч мэргэжлээр 24 жил ажилласан.

       Нэр дэвшигч О.Мөнхсайхан нь 1983 онд Ховд аймгийн Жаргалант сумд төрсөн. 40 настай, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн байна. Нэр дэвшигч нь Үндсэн хуулийн эрх зүйн судалгаа хийж, 2008 онд Япон Улсын Нагояагийн их сургуулийн Хуулийн сургуульд хууль зүйн магистрын зэрэг, 2011 онд хууль зүйн докторын зэргээ тус тус хамгаалжээ. Түүнд МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн 2019 оны 2 дугаар тогтоолоор дэд профессор цол олгосон байна. Англи хэлтэй. 2005 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуульд тэнхимийн туслах ажилтан, багш, дэд профессор, профессороор нийтдээ 18 жил ажилласан бөгөөд 2022 оны нэгдүгээр сараас МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирлын албан тушаалыг хавсран гүйцэтгэж байгаа юм байна. О.Мөнхсайхан нь МУИС-ийн Хууль зүйн сургууль болон хуульч, шүүгчийн үргэлжилсэн сургалтад Үндсэн хуулийн эрх зүй, хүний эрх, шүүх, хуульчийн ёс зүй, эрх зүйн болон улс төрийн философийн хичээлийг заадаг байна. Сүүлийн 10 жилд мэргэшсэн чиглэлээрээ 30 орчим судалгааны төслийг дангаараа болон багаар хэрэгжүүлж, 9 ном, сурах бичиг, 60 гаруй эрдэм шинжилгээний өгүүллийг англи, монгол хэлээр хэвлүүлсэн байна. Түүнчлэн 60 орчим судалгааны илтгэл хэлэлцүүлсэн.

          Нэр дэвшигч Л.Өлзийсайхан нь МУИС болон УБИС-д нийтдээ 19 жил багшилж, эрх зүйн онол, Үндсэн хуулийн эрх зүй, парламент судлалын чиглэлээр нэг сэдэвт 10 гаруй бүтээл, ном, гарын авлага туурвиж, 20 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл судалгааны ажил бичиж, эрдэмтэн судлаачид болон олон нийтийн хүртээл болгосон Үндсэн хууль судлаач юм байна. Тэрбээр Үндсэн хууль болон шүүх эрх мэдэл, хууль тогтоох үйл ажиллагааны практик судалгааны чиглэлээр Америк, Герман, Япон, Франц, Солонгос, Швейцарын холбооны улсад мэргэжил дээшлүүлсэн. Хууль зүйн шинжлэх ухааны доктор, дэд профессор цолтой. Л.Өлзийсайхан нь 1998 оноос эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр тасралтгүй 25 жил ажиллаж байгаа. 1998-2002 онд УБИС-д, 2002-2016 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, ахлах багшаар ажилласан. Хууль тогтоох салбарт буюу Улсын Их Хурлын Тамгын газарт 2007 оноос ажиллаж, мерит зарчмаар өсөн дэвшсээр өнөөдөр Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байна. 

      Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн олонх тус гурван нэр дэвшигчийг томилохыг дэмжсэн байна. Ташрамд дурдахад, Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчтэй холбогдуулан нэр дэвшигчийн сонсгол хийдэг зохицуулалтыг Цэцийн дүгнэлтээр түдгэлзүүлсэн. 

Бэлтгэсэн uih.mn 

Сэтгэгдэл