УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийг баталлаа. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44.3-т “Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна. Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно” гэж, тус хуулийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд УИХ-ын нийт гишүүний олонх дэмжсэн бол хууль эцэслэн баталсанд тооцно” гэж заасан.
Үүний дагуу Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталъя гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжив. Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийг бүхэлд нь эцэслэн батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 77.4 хувь, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслийг бүхэлд нь эцэслэн батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 78.8 хувь, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслийг бүхэлд нь эцэслэн батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 84.9 хувь нь тус тус дэмжсэн байна.
Дараа нь Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн нийт 27 хууль, тогтоолын төслүүдээр нэг бүрчлэн санал хураалт явуулсан бөгөөд эцэслэн батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.