Хууль батлагдвал: Замын хөдөлгөөний төлбөртэй бүс, хилийн зааг, цагийн хязгаарыг Нийслэлийн Засаг дарга батална
Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. Тус хуулийн төсөлд тусгасан онцлох заалтыг танилцуулъя.
- Нийслэлийн Засаг дарга замын хөдөлгөөний төлбөртэй бүс, түүний хилийн зааг, цагийн хязгаарыг тогтоож, уг бүсэд мөрдөх журмыг батална.
- Тээврийн хэрэгсэл өмчлөгч, эзэмшигч этгээд нь замын хөдөлгөөний төлбөртэй бүсэд нэвтэрсэн бол замын хөдөлгөөний төлбөртэй бүсийн төлбөр төлөгч байна.
- Замын хөдөлгөөний төлбөртэй бүсэд нэвтэрсэн тээврийн хэрэгсэлд замын хөдөлгөөний төлбөртэй бүсийн төлбөр ногдуулна.
- Замын хөдөлгөөний төлбөртэй бүсэд нэг удаа нэвтрэх төлбөрийн хэмжээ 0-ээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 5 хүртэл хувьтай тэнцэх мөнгөн дүн байна.
- Замын хөдөлгөөний төлбөртэй бүсэд нэг удаа нэвтрэх төлбөрийн хэмжээг хуульд заасан хязгаарт багтаан замын хөдөлгөөний төлбөртэй бүсийн төлбөрийн хэмжээг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.
- Замын хөдөлгөөний төлбөртэй бүсэд замын тэмдэг, тэмдэглэлийг иргэнд ойлгомжтой байдлаар байршуулсан байна.
- Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлага, зохион байгуулалтын асуудал хариуцсан байгууллага замын хөдөлгөөний төлбөртэй бүсэд нэвтэрсэн тээврийн хэрэгсэл, эзэмшигч, өмчлөгчийн бүртгэлийг хөтөлнө.
- Замын хөдөлгөөний төлбөртэй бүсийн төлбөрийг тээврийн хэрэгслийн цахим системийн мэдээллийн сангийн замын хөдөлгөөний төлбөртэй бүсэд зорчсон, тээврийн хэрэгслийн хяналтын мэдээлэлд үндэслэн техник, технологид суурилсан тээврийн хэрэгслийн бүртгэлийн системээр дамжуулан ногдуулна.
- Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлага, зохион байгуулалтын асуудал хариуцсан байгууллага нь замын хөдөлгөөний төлбөртэй бүсэд нэвтэрсэн тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгчийн бүртгэлийн мэдээлэлд үндэслэн төлбөрийн нэхэмжлэхийг тухай бүр үүсгэж, цахим төлбөрийн баримтын систем болон хуульд заасан бусад хэлбэрээр төлбөр төлөгчид хүргүүлнэ.
- Замын хөдөлгөөний төлбөртэй бүсийн төлбөр төлөгч нь замын хөдөлгөөний төлбөртэй бүсийн төлбөрийг дээр заасны дагуу нэхэмжлэх үүссэнээс хойш ажлын 10 өдөрт багтаан холбогдох төсөвт төлнө.
- Замын хөдөлгөөний төлбөртэй бүсийн төлбөр төлөгчийг бүртгэх, төлбөрийг ногдуулах, хураах журмыг нийслэлийн Засаг дарга, татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга хамтран батална.
- Иргэн, хуулийн этгээд замын хөдөлгөөний төлбөртэй бүсийн төлбөрийг иргэн, хуулийн этгээдийн харилцах данснаас төлбөрийг шууд хийлгэх тухай нөхцөлөөр тохиролцож гэрээ байгуулж болно.
- Хугацаанд нь төлөөгүй замын хөдөлгөөний төлбөртэй бүсийн төлбөрийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2-т заасан урамшууллаас суутгаж болно.
- Тээврийн хэрэгслийн бүртгэлийн байгууллага болон цагдаагийн байгууллага замын хөдөлгөөний төлбөртэй бүсийн төлбөрийг хураахад туслалцаа үзүүлнэ.
- Татварын алба замын хөдөлгөөний төлбөртэй бүсийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй иргэн, хуулийн этгээдийн өрийг Татварын ерөнхий хуульд заасны дагуу хураах үйл ажиллагаа хэрэгжүүлж болно.
- Замын хөдөлгөөнд оролцох дараах иргэн, хуулийн этгээдийн тээврийн хэрэгслийг доор дурдсан хувь хэмжээгээр замын хөдөлгөөний төлбөртэй бүсийн төлбөрөөс хөнгөлнө: замын хөдөлгөөний төлбөртэй бүсэд оршин суух хаягтай иргэний тээврийн хэрэгслийг 90 хувиар, татвар төлөгчөөр бүртгүүлэн, цахим төлбөрийн баримтын системд холбогдсон зөвшөөрөлтэй такси үйлчилгээний тээврийн хэрэгслийг 50 хувиар хөнгөлнө.
- Нийслэлийн нутаг дэвсгэрт өмчийн хэлбэрээс үл шалтгаалан авто зогсоолын төрөл, тэдгээрт тавигдах нийтлэг шаардлагыг хотын стандартаар тогтооно.
- Авто зогсоолын үйл ажиллагаа эрхлэх этгээд нь авто зогсоолын эрэлт, хэрэгцээ, байршил, замын хөдөлгөөний эрчмийг харгалзан Авто замын тухай хуулийн 30.6-д заасан төлбөрийн хэмжээг тогтоон авч болно.
- Нийслэл хот нь нийтийн тээврийг хөгжүүлэх сантай байна.
- Такси үйлчилгээ эрхлэхэд Автотээврийн тухай хуулийн 15.9, 15.10-т заасан нөхцөл, шаардлагыг хангасан байна.
- Такси үйлчилгээг зорчигч тээвэрлэх дүрэм болон холбогдох стандарт, аюулгүй байдлын шаардлагыг хангасан тээвэрлэгчээр гүйцэтгүүлнэ.
- Нийслэлийн авто замын даацыг харгалзан нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарт хязгаарлалт тогтооно.
- Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд төвлөрлийг сааруулах зорилгоор хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, Засгийн газрын шийдвэрийн дагуу улс, орон нутгийн төсвийн хөрөнгө, төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаад улсын зээл, тусламжийн хөрөнгөөр хийгдэх төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн энэ хуулийн 14.7-д заасан журмын дагуу газар чөлөөлнө.
- Газар албадан чөлөөлөх шийдвэрийг гаргахад тухайн төсөл, арга хэмжээний нөлөөлөлд өртөж байгаа газар өмчлөгч, газар эзэмших эрхтэй этгээд, улсын бүртэлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч иргэн, хуулийн этгээдийн 65-аас доошгүй хувийн дэмжлэгийг авсан байна.
- Дээрх хэсэгт заасан дэмжлэгийг авсан тохиолдолд бусад өмчлөгч, эзэмшигчийн газрыг энэ хуулийн 14.7-д заасан журмын дагуу нөхөх олговрыг олгох болон газар албадан чөлөөлөх шийдвэрийг нийслэлийн Засаг дарга гаргана.
- Газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртөж байгаа иргэн, хуулийн этгээдийн газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг эрх бүхий этгээд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7.2.4-т заасан газар, үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын зориулалттай үнэлгээний аргачлалын дагуу үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй этгээдээр хийлгэнэ.
- Энэ хуулийг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Хуулийн төсөлтэй танилцах бол энд дарна уу.
Бэлтгэсэн: UIH.mn