Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2023.10.31) хуралдаан 09 цаг 26 минутад 68.4 хувийн ирцтэй эхэлж, Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаар явуулсан Улсын Их Хурлын хяналтын сонсголын тайланг хуралдааны эхэнд сонслоо. Улсын Их Хурлын гишүүдээс ирүүлсэн хүсэлт, холбогдох хууль тогтоомжийг үндэслэн Хүүхдийн эрхийг хамгаалах хангах асуудлаарх Улсын Их Хурлын хяналтын 2023 оны аравдугаар сарын 25-ны өдөр тус Байнгын хорооны 7 гишүүний ирцтэйгээр зохион байгуулсан байна.
Сонсголд Хүний эрхийн Үндэсний Комисс, Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Соёлын яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Эрүүл мэндийн яам болон ЗГХЭГ-ын Хүний эрхийг хангах үндэсний хороо, НЗДТГ, ЦЕГ зэрэг төрийн байгууллага, Улсын Их Хурал дахь АН, МАН-ын бүлэг зэрэг улс төрийн намын төлөөлөл, “Хүний эрх дэвшилт бодлогын хүрээлэн” ТББ, “Иргэн бол хүч” залуусын санаачилга, МУИС, Хүүхдийн эрхийн сургалт судалгааны хүрээлэн, “Алтан гэрэгэ” хуулийн фирм, “Монголын хүүхдийн эрхийн үндэсний төв” ТББ, “Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ” ТББ, Монголын идэрчүүдийн төв холбоо, “Учрал” төв, “Залуусын давлагаа” клуб, “Буяа Энд Партнерс” компани, Улаанбаатар их сургууль, “Өнөр бүл” хүүхдийн төв, “Хөөрхөн зүрх” ТББ, “Бүх нийтийн боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний эвсэл” ТББ, “Чандмань сэтгэл” төв, “Үжин” төв, “Боловсролын судалгааны арга зүйн төв”, Багануур дүүргийн АЭХ, Нийслэлийн АЭХ, “Граф нэтворк” ХХК-ий төлөөлөл, мөн иргэдийн төлөөлөл болсон 90 гаруй оролцогч оролцсон байна. УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг гишүүн сонсголын үеэр хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаар төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүдийн танилцуулсан илтгэлийн талаар, илтгэлүүдтэй холбогдуулан асуусан Улсын Их Хурлын гишүүдийн асуулт, тэдгээрийн хариултын талаар дэлгэрэнгүй тайлагнав.
Хүүхдийн тусламжийн утас, хамтарсан баг, хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, хүүхдийн эрхийн улсын байцаагч, нийгмийн ажилтан зэрэг тусгайлсан бүтэц байгуулан хүүхэд хамгааллын цогц үйлчилгээг Монгол Улс бий болгож, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр ажиллаж байгаа ч бүрэн дүүрэн хэрэгжихгүй байгааг сонсголын тайланд дурджээ.
Байгууллага хоорондын болон хууль эрх зүйн уялдаа холбоогүй байдал нь үүнд нөлөөлж байгаа гэв. Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаарх Улсын Их Хурлын хяналтын сонсголд оролцсон Улсын Их Хурлын гишүүд, бусад оролцогчоос гаргасан санал, дүгнэлтийг нэгтгэн дараах мэдээллийг Байнгын хороонд танилцуулав. Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахад шаардлагатай мэргэжлийн тогтолцоог бүрдүүлэхэд гарч байгаа хүндрэлтэй асуудлыг судлан тогтоож, шаардлагатай бол хууль эрх зүйн зохицуулалтыг өөрчлөх замаар төрийн бус байгууллагуудтай хамтрах, гэрээлэх хэлбэрээр ажиллах талаар судлах нь зүйтэй гэж үзсэн байна.
Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахад нөлөөлж буй суурь шалтгааныг тогтоох; хүүхдийн бие бялдрын хүмүүжлийн асуудлаас гадна цахим хэрэглээ, оюуны боловсролын асуудалд нөлөөлөх арга хэмжээг бодлогын түвшинд тогтоож, үе шаттай арга хэмжээ авах шаардлагатай гэжээ. Хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг, мэдээллийг олгох, энэ чиглэлээр сургалт, сурталчилгаа, бусад арга хэмжээ зохион байгуулахад шаардлагатай эрх зүйн зохицуулалтын уялдааг хангах, үе шаттай арга хэмжээ авах шаардлагатай гэв.
Хүүхдийн эрхийг хамгаалах, хангах тухай асуудлыг өргөн хүрээнд авч үзэж, цогц байдлаар шийдвэрлэх нь ирээдүйн улс орны нийгмийн болон сэтгэл зүйн эрүүл мэндийн чанарын асуудалд нэн чухал болохыг сонсголын үеэр онцолжээ. Хүүхэд хамгааллын чиглэлээр зарцуулсан төсвийн зарцуулалт, түүний үр дүнгийн талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсох шаардлагатай гэж үзжээ. Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаар явуулсан Улсын Их Хурлын хяналтын сонсголын тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Ц.Сандаг-Очир, Д.Ганбат нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Д.Ганбат нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх санал, санаачилгын хүрээнд хүний нөөцийн асуудлыг онцгой анхаарах талаар саналыг гишүүд хэлж байв.
Ийнхүү Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаар явуулсан Улсын Их Хурлын хяналтын сонсголын тайланг сонсож, тус тайлан болон хяналтын сонсгол явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.