Хянан шалгах түр хорооны сонсголыг хоёр үе шаттай зохион байгуулна
2023-10-31

       УИХ-ын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах Түр хороо өнөөдөр хуралдсан байна. Түр хорооны дарга Б.Энхбаяр "Хянан шалгах хороо цаг хугацааны нөхцөл байдлыг тооцон үзээд Түр хорооны сонсголыг хоёр удаа зохион байгуулах нь зүйтэй юм. Эхний сонсголыг ирэх 12 дугаар сарын 4-8-ны өдрүүд, хоёр дахь сонсголыг мөн 12 дугаар сарын 8-22-ны өдрүүдэд хийхээр төлөвлөж байна. Хугацаа шахуу учраас шинжээчийн тоог нэмэгдүүлж, 8-9 хүний бүрэлдэхүүнтэй байх саналтай байна" гэжээ. 

       Ерөнхий төлөвлөгөөний төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Түр хорооны хяналт шалгалтаас үр дүн гаргах ёстой. Энэ удаагийн сонсголд ажиллах шинжээчид өмнөх Ажлын хэсгийн шинжээчдийн дүгнэлттэй танилцсан, эсэх"-ийг тодруулсан байна.  Түр хорооны дарга Б.Энхбаяр "Өмнөх түр хорооны шинжээчдийн ажилласан 40 хуудас материал буй боловч гарын үсгээр баталгаажаагүй, улмаар нэгдсэн шинжээчийн дүгнэлт гаргаагүй учраас нотлох баримтын шаардлага хангаагүй хэмээн үзсэн. Мөн өмнөх шинжээчдийн бүрэлдэхүүнд сонирхлын зөрчилтэй хүн ажиллаж байсан гэж үзэж байгаа. Тиймээс энэ удаа шинжээчдийн хараат бус, мэргэшсэн байдлыг хангах чиглэлээр өргөтгөнө. Үндэсний аудитын газраас 2 хүн, Монгол банкнаас 4 хүн оролцуулах саналтай байна. Нүүрсний худалдан авалтын гүйлгээнээс гарсан мөнгөний 70 хувь нь гадаад улсууд руу шилжсэн байгаа. Тиймээс гадаад улс руу шилжсэн гүйлгээг хянах тусгай эрхтэй хүнийг Монгол банкинаас авч ажиллуулна" гэжээ.        

      “Эрдэнэс таван толгой” ХХК, “Таван толгой” ХК-ийн анх байгуулагдснаас өнөөдрийг хүртэлх бүх үйл ажиллагааг он дарааллаар шалгах талаар мөн тэрбээр хэлсэн байна. Дараа нь хуралдааныг хаалттай горимд шилжүүлсэн байна. 

 

Сэтгэгдэл