"Хуулиудыг шуурхайлсан" долоо хоног
2021-12-19

143 хууль баталлаа

УИХ өнгөрсөн долоо хоногт ажлаа цалгардуулж, чуулганы танхим эл хуль өнгөрсөн. Харин энэ долоо хоногт хуваарийн дагуу хуралдаж, хууль, тогтоолын төслүүдээ "гялалзуулсаар", 143 хууль баталлаа. Үүний нэг нь Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль. Уг хуулийг дагалдуулж өргөн барьсан 51 хуульд мөн нэмэлт, өөрчлөлт оруулав. Түүнчлэн Нийтийн мэдээллийн ил тод байдлын, Хувь хүний мэдээлэл хамгаалах, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн, Кибер аюулгүй байдлын тухай хуулийг баталсан. Эдгээрийг дагалдуулж өргөн барьсан хуулиудад мөн өөрчлөлт оруулсан юм. Ингэснээр хоёр удаагийн чуулганыг дамнан хэлэлцсэн "урт настай" хуулиуд эцэслэгдэж, хэрэгжүүлэх ажил л үлдлээ.

Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиар нийтийн сонсгол хийнэ

УИХ-ын нэр бүхий 37 гишүүнээс Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг Үндсэн хуульд нийцүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Нийтийн сонсгол зохион байгуулах саналыг өнгөрсөн сарын 19-нд УИХ-ын даргад хүргүүлсэн. Хуульд зааснаар жагсаал хийхийн тулд тухайн нутаг дэвсгэрийн нэгж буюу дүүргийн Засаг даргад урьдчилан мэдэгдэж, бүртгүүлэх ёстой. Цар тахлын үед хүний эрх, эрх чөлөө ихээр зөрчигдөж байгаатай холбогдуулан иргэд жагсаал зохион байгуулах гэхэд тухайн нутаг дэвсгэрийн Засаг дарга мэдэгдлийг нь бүртгэдэггүй, хариу өгдөггүйгээс бүртгэлгүй жагсаал хийсэн гэж буруутан болдгийг хүмүүс шүүмжилдэг. Үндсэн хуулиар олгосон үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, тайван замаар жагсах эрхийг ийнхүү хязгаарлаж байгаа тул нийтийн сонсгол хийх санаачилга гаргасан юм. Тэгвэл Хууль зүйн байнгын хорооны лхагва гаргийн хуралдаанаар дээрх хуулийн хэрэгжилтийн талаар нийтийн сонсгол явуулахаар тогтлоо. Энэ сарын 30-нд уг сонсголыг явуулах бөгөөд үүнд оролцох хүсэлтэй иргэд, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагууд Нийтийн сонсголд оролцогчийн бүртгэлийн хуудсыг бөглөж, 28-ны 17.00 цагаас өмнө galsanbatb.parliament.mn хаягаар хүргүүлэх юм байна.

ХЭҮК болон Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах нь

УИХ-аас байгуулдаг, хараат бус гэж нэрлэгддэг найман байгууллага бий. Үүнд Төрийн албаны зөвлөл (ТАЗ), Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК) багтдаг. Төрийн албаны зөвлөл нь таван гишүүнтэй, ЗГХЭГ, Ерөнхийлөгчийн болон УИХ-ын Тамгын газраас тус бүр нэг, төрийн албан хаагчийн төлөөллөөс хоёр хүнийг нь нэр дэвшүүлж, парламентаас томилдог. Тэгвэл төрийн албан хаагчийн төлөөллөөс тус зөвлөлийн гишүүнээр томилогдон ажиллаж байсан Д.Зүмбэрэллхам Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилогдсон тул түүний орон тоонд сонгон шалгаруулалт зарлав. Үүний материалыг Төрийн албаны зөвлөл энэ сарын 23 хүртэл хүлээн авч, холбогдох журмын дагуу сонгон шалгаруулж, УИХ-д танилцуулах юм байна. ХЭҮК-ын тухай хуулийг хоёр жилийн өмнө шинэчилснээр тус комиссын таван гишүүнийг жилийн өмнө нээлттэйгээр сонгон шалгаруулж, УИХ-аас томилсон. Харин комиссын дэргэд эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан нэг гишүүн ажиллах ёстой бөгөөд үүнийг одоо хүртэл томилоогүй. Уг албан тушаалд өмнө нь УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос хоёр удаа сонгон шалгаруулалт зарласан ч материалаа ирүүлээгүй, ирүүлсэн ч өөр албанд томилогдсон, нэрээ татсан гэсэн шалтгаанаар ийнхүү удааширч ирсэн. Тэгвэл энэ долоо хоногт үүний сонгон шалгаруулалтыг дахин зарлалаа. Материалыг нь ирэх сарын 15 хүртэл хүлээн авах аж.

"Цар тахлын хууль"-ийн хугацааг сунгах уу

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын болон "Цар тахлын хууль"-ийн биелэлтийг сар тутам хэлэлцэх түр хороо хамтран хуралдлаа. 1-2 сарын дараа Омикроны давлагаа бүх улсад үүсэх нь тодорхой болсныг Эрүүл мэндийн сайд дурдаад, шинэ жилийн үеэр Омикроны халдвар орж ирж, нэгэн зэрэг олон хүнд халдварлах эрсдэлтэйг хэлэв. Манай улсын хүн амын 80 хувь нь синофарм ба пфайзерын бүүстэр тунг хийлгэснээр давуу тал бий болно гэж үзэж буйг тэрбээр илэрхийлсэн. Омикроны халдварлах чадвар эрс өссөн бөгөөд 10 хүнээс 44 хүнд халдвар тараах эрсдэлтэй аж. Харин Дельта 10 хүнээс 8 хүнд халдвар тарааж байсан гэнэ. Омикрон хувилбарыг PCR ашиглан илрүүлэх боломжтой бөгөөд дараагийн шатанд генийн дараалал тогтоох шинжилгээ хийж баталгаажуулах боломжтой юм байна. Нэмж хэлэхэд, "Цар тахлын хууль"-ийн үйлчлэх хугацаа энэ оноор дуусгавар болно. 2019 оны дөрөвдүгээр сард баталсан уг хуулийг хоёр удаа сунгасан. Тэгвэл дахин сунгахаар Засгийн газраас УИХ-д төслийг нь өргөн барьж магадгүй талаар нэр бүхий гишүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэлж, үүнийг дэмжихгүй гэдгээ ч илэрхийлж байв."Цар тахлын хууль"-иар далимдуулан УИХ-ын төсөв санхүүгийн эрх мэдлийг Засгийн газарт удаан хугацаагаар шилжүүлж, төрийн албанд сонгон шалгаруулалтгүйгээр томилгоо хийсээр байгааг гишүүд нэг биш нэлээд олон удаа шүүмжилж буй. Ямартай ч сунгах, эсэхийг нь одоогийн хуулийн үйлчлэх хугацаа дуусахаас өмнө шийдэх нь тодорхой. Хэрэв тийм бол ирэх долоо хоногт амжиж төслийг нь УИХ-ын "босгоор давуулах" нь ойлгомжтой.

"Онгоцны тийзийн үнийг хөнгөлнө"

УИХ-ын чуулганы болон Төсвийн байнгын хорооны хуралдаанаар НӨАТ-ын, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. Манай улс Дэлхийн худалдааны байгууллагын Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээрийг 2018 онд соёрхон баталжээ. Ингэснээр хэлэлцээрт тусгасан агаарын хөлөг, түүний угсралтад ашиглах бүтээгдэхүүнийг импортлоход гаалийн албан татвар бусад хураамжаас чөлөөлөх үүрэг хүлээсэн аж. Тиймээс дээрх хуулиудад өөрчлөлт оруулж, татвараас чөлөөлөх бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг Засгийн газрын тогтоолд тусгах юм байна. Хуулийг баталснаар агаарын хөлөг худалдан авах зардал 18-20 хувиар буурч, олон улсад болон орон нутагт зорчигчийн тийзийн үнэд зохих хөнгөлөлт бий болохыг ЗТХ-ийн сайд Л.Халтар онцолсон. Ташрамд дурдахад, Буян-Ухаа нисэх онгоцны буудлыг олон улсын болон орон нутгийн нөөц буудал, "МИАТ" ХХК-ийн засварын болон сургалтын бааз онцгой байдал, батлан хамгаалах, эмнэлгийн салбарын яаралтай нислэг үйлдэх гэсэн дөрвөн чиглэлээр ашиглахаар төлөвлөжээ. Иймд уг нисэх онгоцны буудлын технологийн зориулалтад байгаа 501 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан байна.

Сэтгэгдэл