Нийтийн өргөдөл хүлээн авах УИХ-ын цахим системд байршуулсан, Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын тухай хуульд өөрчлөлт оруулж, НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох саналд 100 мянга гаруй иргэн гарын үсгээ зурсан. Тус системд байршуулсан саналыг 100.000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол УИХ-ын дарга уг асуудлын талаар УИХ-ын чуулганд мэдээлж, холбогдох Байнгын хороонд шилжүүлнэ хэмээн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Инновац, цахим бодлогын байнгын хорооны 2023 оны 1 дүгээр тогтоолоор баталсан журамд заасан. Энэхүү журамд заасны дагуу УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2023.10.27/ нийтийн өргөдлийн дүнг чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Тэрбээр "Өнөөдөр иргэн бүрийн нүдэн дээр ил байгаа НӨАТ-тай холбоотой нэг асуудал бол аль ч дэлгүүр, худалдааны байгууллагуудаас бараа худалдан авахад НӨАТ-ын 10 хувиар наймаалцаж байгаа явдал юм. Өөрөөр хэлбэл, бараа авахад НӨАТ-тэй авах уу, НӨАТ-гүй авах уу гэж асуудаг, хэрвээ НӨАТ-гүй авъя гэвэл И-баримт өгөхгүйгээр үйлчилдэг, орлогоо нуудаг. Иргэд маань хууль зөрчиж байгааг мэддэг ч 2 хувийн буцаан олголтоос 10 хувийн НӨАТ төлөхгүй байхыг илүүд үздэг нь хэвийн үзэгдэл болсон. Нийгэмд ил байгаа энэ асуудлыг, хуулийн зөрчлийг бид засахгүй, арга хэмжээ авахгүй, шийдвэр гаргахгүй төлөөллийн байгууллага байж таарахгүй. Иргэд ч, албан байгууллага нь ч хууль зөрчөөд байгаатай эвлэрээд суувал хууль хэрэгжихгүй байх үндсэн шалтгаан болдог. Хоёр хувийг 5 хувь болгосноор төсөвт нэмэлт зардал гарах ч, орлого тал дээр нэмэлт орлого орж ирэх бололцоотой. Нуусан орлого нэмэгдэхээр зөвхөн НӨАТ-ын орлого биш, бусад татварын орлого ч үүнийг дагаад нэмэгдэнэ. Гэтэл энэ нэмэгдэх орлогыг ярилгүй, зөвхөн зөвхөн зардал талаас нь харж өрөөсгөл ойлголт төрүүлж болохгүй" гэв.
Мөн тэрбээр НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлсний ашиг тус, ач холбогдол юу байх талаар танилцуулсан. Үүнд дараах ач холбогдлыг дурдсан.
- Нэгдүгээрт, Иргэдийн баримт авах, түүнийгээ системд бүртгүүлэх сэдлийг нэмэгдүүлж, тэр хэрээр далд эдийн засаг ил болно. Монгол Улсын далд эдийн засгийн ДНБ-д эзлэх хувь ҮСХ-ны тооцооллоор буурч байгаа боловч судлаачдын үзэж байгаагаар өндөр хэвээр байна. Дэлхийн банк, ОУВС, Монголбанкны судлаачдын хийсэн судалгаагаар далд эдийн засгийн хэмжээ 16.5-22.5 хувь байна гэсэн дүн гарсан. 2022 оны байдлаар 1.1 сая иргэн буюу насанд хүрсэн иргэдийн дөнгөж 48.6 хувь нь И-баримтад бүртгүүлжээ. Улаанбаатар хотын 15 худалдааны төвийн 279 цэгээс авсан тандан судалгаанаас үзэхэд худалдаа эрхлэгчдийн 53.0 хувь нь И-баримт өгдөг байна. Тэгэхдээ И-баримтыг зөвхөн иргэд шаардсан тохиолдолд, эсвэл үнийн дүн өндөртэй бараанд л ихэвчлэн өгч байгаа нь тогтоогдсон. Тэднээс асуулга асууж ярилцахад сүүлийн үед НӨАТ-ын буцаан олголттой холбоотойгоор иргэд баримт шаардах явдал нэмэгдсэн учир И-баримтын олголт нэмэгдэж байгаа гэж ярьсан. Зөвхөн энэ мэдээлэл ард иргэдийн санхүүгийн боловсрол дээшлэхэд нөлөөлж байгаа юм чинь далд эдийн засгийг бодит болгох ямар боломж гарахыг харах ёстой.
- Хоёрдугаарт, төлөх татварын хэмжээ нэмэгдэнэ. Өнөөгийн байдлаар хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 34.9 хувь нь И-баримтад бүртгүүлсэн байна. 50 сая төгрөгөөс дээш борлуулалттай, НӨАТ төлөгч биш 4292 хувиараа хөдөлмөр эрхлэгч байгаа бөгөөд тэдний нийт борлуулалт 2022 онд 1.9 их наяд төгрөг байжээ. Мөн 50 сая төгрөгөөс дээш борлуулалттай 5.4 мянган аж ахуйн нэгж НӨАТ төлөгч биш байна. Тэдний нийт борлуулалт 2022 онд 2.5 их наяд төгрөгт хүрсэн байна. НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлснээр юуны өмнө татварын системд бүртгүүлсэн ч төлөөгүй байгаа эдгээр 4.4 их наядын орлогод татвар тооцох боломж бүрдэнэ.
- Гуравдугаарт, иргэдийн засаглах эрхээ хэрэгжүүлэх, хууль тогтоох үйл ажиллагаанд шууд оролцох, тухайлбал, татварын боловсрол, мэдлэгээ тэлэх сайхан боломж бий болж байна. D-parliament, D-Өргөдөл цахим системийг ашигласнаар иргэд маань маш чухал ойлголт, мэдээллийг авч чадлаа. 30.000, 70.000, 100.000 иргэн нэгдэж, саналаа өгвөл ямар ажиллагаа хийгддэг, ямар боломжууд байдгийг мэдэж авлаа. Энэ боломжийг үр дүнтэй ашигласнаар татварын шударга орчин бий болж, иргэдийн хэвтээ хяналт, оролцооны үр дүнд авлига, хууль бус үйлдэлтэй тэмцэх шинэ хөшүүрэг бий болно. Энэ бол Монгол Улсын Ерөнхий сайдын авлигатай тэмцэх энэ санаачилгыг дэмжиж байгаа, ардын иргэдийн хөдөлгөөнийг дэмжиж байгаа, шударга бус үйлдлүүдтэй тэмцэхийг дэмжиж, урамшуулж байгаа хэлбэр гэж хэлж болно. D-Өргөдөл цахим систем нэвтэрснээр чухал үр дүнд хүрэх нь нэгэнт тодорхой болж байна. НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх саналыг дэмжиж 104.791 иргэн саналаа өгсний 30.4 хувь нь 18-25 насныхан, 21.8 хувь нь 26-30 насныхан, 22.3 хувь нь 31-35 насныхан байна. Өөрөөр хэлбэл 18-35 насны залуус нийт санал өгөгчдийн 74.5 хувийг эзэлж байна. Бид залуусынхаа оролцоог үгүйсгэдэг байсан ч асуудал тэдэнд биш, бидэнд байсныг энэ байдал харуулж байна. Шинэ үеийн залуус тодорхой, зөв бодлого дээр өндөр идэвхтэй, зөв чиг баримжаатай оролцож чадна гэдгээ харууллаа.
Бэлтгэсэн: UIH.mn