УИХ-ас ардчилсан, ил тод, цахим, зөвлөлдөх парламентыг бий болгох зорилгоор D-Parliament платформыг 2022 онд нээсэн. Энэхүү платформыг өргөжүүлэх ажлын хүрээнд УИХ-ын бүрэн эрхэд хамаарах тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх иргэний саналыг хүлээн авах D-Өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-ийг хөгжүүлснээ саяхан мэдээлэв. Тодруулбал, тус системээр дамжуулан Монгол Улсын иргэд нийтийн өргөдөл санаачлах болон нийтийн өргөдлийг дэмжиж санал өгөх боломжтой.
Одоогоор тус системд иргэд 20 гаруй өргөдлийг санаачлаад байна. Үүнээс хамгийн олон иргэн дэмжиж, гарын үсгээ зурсан нь "НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэхийг дэмжиж байна уу" гарчигтай өргөдөл бөгөөд одоогоор 92 мянган хүн нэгджээ. Харин "Цалинтай ээж гэж нэрлэгдэж буй 50 000 төгрөгийг нэмэхийг та дэмжиж байна уу" гарчигтай өргөдлийг 37.9 мянган иргэн дэмжээд байна.
УИХ-ын тухай хуулийн 391 дүгээр зүйлд заасны дагуу хэрэв 33 мянган иргэн дэмжсэн бол тухайн асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70 мянган хүн нэгдсэн бол байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100 мянгаас дээш хүн гарын үсгээ зурсан бол хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах боломж бүрдэх юм.
Бэлтгэсэн: UIH.mn