“Нээлттэй сонсгол бол томилохоос өмнөх процесс юм”
2023-10-06

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 5 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Тус дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Туулхүү, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн Ц.Мөнхцэцэг, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн Д.Сарангэрэл танилцуулав.

            Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүргэе.

  • УИХ-аас 2021 оны 12 дугаар сарын 24-нд баталсан УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтад "Үндсэн хуулийн цэцийн гишүүн, …", Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "… нэр дэвшигчийн сонсгол хийж … ", УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт "... энэ хуульд заасан журмын дагуу нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна. ... нэр дэвшигчийн сонсголын тайлан гарснаас хойш ... тухайн тайлан, ... Санал, дүгнэлтэд сонсголын тайлангийн агуулгыг өөрчлөхгүйгээр тусгана." гэж тус тус заасан нь Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.", 3 дахь хэсгийн "Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана.", Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг УИХ, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилно." гэснийг тус тус зөрчсөн.
  • УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 дахь заалтад "… эсхүл УИХ танилцах, зөвшилцөх, томилохоор хуульд заасан албан тушаалтны хувьд танилцах, зөвшилцөх, томилгооны сонсгол явуулахаар УИХ-ын есөөс доошгүй гишүүн хүсэлт гаргасан бол." гэж заасны "… танилцах, зөвшилцөх, ... танилцах, зөвшилцөх, ..." гэсэн нь Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.", Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг УИХ-д танилцуулснаар ... Ерөнхийлөгч томилно. ...", Тавин зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг УИХ-тай зөвшилцөн Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно." гэснийг тус тус зөрчсөн.
  • УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтад "… Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүн, …" гэж заасан нь Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1, 3, 5, 6, Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчөөгүй.
  • Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсэгт "… томилгооны сонсгол хийж …" гэж тус тус заасан нь, түүнчлэн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтад "… Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга …" гэж заасан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчөөгүй.

 

Цэцийн дүгнэлтийн дагуу УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн дараах зүйл заалтыг 2023 оны есдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлжээ. Үүнд

  • 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтад "Үндсэн хуулийн цэцийн гишүүн, …", 29.1.2 дахь заалтад "… танилцах, зөвшилцөх, ... танилцах, зөвшилцөх, ..." гэж, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "… нэр дэвшигчийн сонсгол хийж … " гэж, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт "... энэ хуульд заасан журмын дагуу нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна. ... нэр дэвшигчийн сонсголын тайлан гарснаас хойш ... тухайн тайлан, ... Санал, дүгнэлтэд сонсголын тайлангийн агуулгыг өөрчлөхгүйгээр тусгана." гэж тус тус заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу эхээр шийдвэрлэжээ.

 

Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй байх нь зүйтэй гэдэгт УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Н.Энхболд, Г.Занданшатар, Т.Доржханд, О.Цогтгэрэл, Ц.Мөнхцэцэг нар байр суурь илэрхийлэв.

Ж.Сүхбаатар: УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар би ажилласан. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хамгийн гол хэсэг нь ард түмний засаглах эрхийг хангаж, парламентын хяналтын механизмыг хүчтэй болгох тухай асуудал байв. Үүний хүрээнд УИХ томилгооны сонсгол хийхээр хуульчилсан. Ингэснээр Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн талаар олон нийтийн дунд хэлэлцүүлэг хийх, тухайн байгууллагуудын удирдлагыг дотоод ардчиллын зарчмаар шалгаруулах ажил дөнгөж эхэлж байна. Харамсалтай нь, Улсын дээд шүүхийн шүүгч, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын ерөнхий прокурорт нэр дэвшигчтэй холбогдуулан УИХ танилцах, зөвшилцөх сонсгол хийх ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт хийсэн байна. Энэ нь өмнөх алдаагаа засаж сайжруулж байсан алхмаасаа ухрах эрсдэлийг бий болгож байна. Өөрөөр хэлбэл, тодорхой байгууллага, албан тушаалтнуудын дунд яригддаг байсан, маш богино хугацаанд шийдэгдэж ирсэн томилгооны асуудлыг шийдэх зорилгоор хугацааг нь уртасгаж, олон нийтэд танилцуулах, тал талаас нь хэлэлцэж, хяналтын нарийн шүүлтүүрээр оруулж, томилох механизм бүрдүүлсэн юм.

Н.Энхболд: УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн гол үзэл санаа нь төрийн өндөр албан тушаалтнуудыг томилохдоо шаардлага хангасан хүнийг нэр дэвшүүлсэн, эсэхийг олон нийт мэдэх эрхтэйд оршино. Тиймээс Үндсэн хуультай энэ хууль зөрчилдөөгүй буюу Цэцийн дүгнэлтийг хүлээж авах үндэслэл байхгүй гэж Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн олонх үзсэн. Ер нь Үндсэн хуулийн цэц гэж ямар байгууллага вэ, аль асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэх ёстой вэ гэдгийг нарийн зохицуулах шаардлагатай. Үндсэн хуулийн цэцтэй холбоотой хуулийн төслүүдээ яаралтай оруулж ирэх хэрэгтэй.

Г.Занданшатар: 2019 онд Үндсэн хуулийн 28.2-т нэмэлт, өөрчлөлт оруулж, УИХ нийтийн эрх ашгийг хөндсөн тодорхой асуудлаар хяналт шалгалтын түр хороо байгуулах эрх зүйн хэм хэмжээг тодруулсан. УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийг баталж, баталсан хуулиудад хяналт шалгалт хийдэг тогтолцоог анх удаа бий болгосон. Энэ хуулийг хэрэгжүүлж эхэлснээс хойш Хөгжлийн банкны, нүүрсний гэх олон асуудлаар нээлттэй хэлэлцэж, иргэдийн мэдэх эрхийг хангаж, ардчиллын хөндлөн хяналтын тогтолцоо бий болсон. Ил тод болгосон учраас олон жилийн турш бугшсан зүйл илэрч байна. Энэ бол ард түмний мэдэх эрхийг хангасны үр дүн. Томилгооны сонсгол ч гэсэн бусад улсад байдаг жишиг. Ерөнхийлөгч томилдог субъектын хувьд нотлох буюу confirmation хийдэг. Гэхдээ хувь хүний бус, мэргэжлийн асуудлаар нь хийж байх ёстой гэсэн зөвлөмж бий учраас үүнийг судлах нь зүйтэй.

О.Цогтгэрэл: Хуулийн салбарын өндөр албан тушаалтнуудад нэр дэвшигчийг УИХ нээлттэй сонсголоор хэлэлцэх ёсгүй, Үндсэн хуулиар ийм эрх олгогдоогүй гэж үзсэн байна. УИХ бол ард түмнийг төлөөлөх, хууль тогтоох үндсэн хоёр үүрэгтэй. Гэтэл хууль тогтоогчийн хувиар төрийн эрх мэдлийн бусад субъект рүү халдаж байна гэж үзжээ. Гэтэл УИХ ард түмний төлөөллийн байгууллагын хувьд шийдвэр гаргах, нээлттэй байх, бүхий л зүйлийг хянан шалгах эрхтэй. Цэцийн дүгнэлт зарчимд нийцээгүй, ард түмнээс олгосон эрх мэдлийг үгүйсгэсэн шийдвэр байна.

Ц.Мөнхцэцэг: Цэцийн дунд суудлын хуралдаанаар олон түмний мэдэх эрхэд халдсан, ардчилалд ухралт болох шийдвэр гаргасан. Үндсэн хуульд засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна гэж заасан. Үүний дагуу өмнө нь хаалттай байсан тодорхой томилгоонуудыг нээлттэй болгох УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийг баталсан. Төрийн өндөр албан тушаалтнуудад хэнийг томилж байгаа, ёс зүйн доголдол гаргасан, үгүй болон мэдлэг чадварын шаардлага хангасан, эсэхийг мэдэх, хэлэлцэх ач холбогдолтой процессыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй.

Т.Доржханд: Цэцийн дүгнэлтэд Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүхийн хараат бус байдлыг алдагдуулж байна гэсэн үндэслэл бичжээ. Цэцийн гишүүн болон Улсын дээд шүүхийн хараат бус байдлын асуудлыг зөвхөн томилогдсоны дараа л ярих ёстой. Харин томилгооны сонсгол бол батлагдахаас өмнөх процесс... Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд нэр дэвшигчийг аль хэдийн шалгаруулсан байхад бүрэн эрхэд нь нөлөөлсөн гэсэн үндэслэл гаргажээ. Энэ бол үндэслэлгүй шүү.

 

Харин Цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэдэгт УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ш.Адьшаа нар байр суурь илэрхийлэв.

Ц.Мөнх-Оргил: Цэцийн шийдвэр янз бүр байгаа. Гэхдээ энэ шийдвэрийг би боломжийн гэж харж байна. Бүх нээлттэй сонсголыг буруутгаагүй байна шүү дээ. Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны гишүүд, УИХ-аас томилдог албан тушаалтнуудын тухайд нээлттэй сонсгол хийх нь зөв гэж үзсэн байна. Харин Ерөнхийлөгч Үндсэн хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд Цэцийн гишүүнд нэр дэвшүүлж байхад буюу тэндээ сонгон шалгаруулалт хийчихсэн, магадгүй нээлттэй сонсгол хийсэн ч байж болох тохиолдолд УИХ тухайн нэр дэвшүүлсэн хүн холбогдуулан дахин сонсгол хийж байгаа нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хөндөж байна гэж үзжээ.  

Ш.Адьшаа: Үндсэн хуулийн дагуу төрийн эрх мэдлийг хуваарилсан асуудлыг Цэц шийдвэрлэсэн гэж үзэж байна. Цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь хууль дээдлэх зарчимд нийцнэ. Томилгооны сонсголын асуудлыг энд ярьж байна. Энэ бол иргэдэд нээлттэй байх, парламентын засаглалын амин сүнс болсон зүйл. Гэхдээ шүүх бие даасан, хараат бус байх төрийн тогтолцооны үндсэн зарчим алдагдсан. Үүнд Цэц бус, хууль тогтоогчид бид дүгнэлт хийх ёстой. Шүүх эрх мэдлийг хууль тогтоох эрх мэдлийн хүрээнд авчирсан. Үндсэн хуулийн зарчмыг биелүүлэх, эсэх асуудлыг энд ярих ёстой.   

Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 05 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж гишүүдийн олонх үзсэн тул энэ талаарх УИХ-ын тогтоолын төслийг баталж, УИХ-ын дарга Г.Занданшатар тогтоолын эцсийн найруулгыг нэгдсэн хуралдаанд танилцууллаа. Ингэснээр Цэц дүгнэлтээ их суудлын хуралдаанаар дахин хэлэлцэх нөхцөл үүсэв.

 

Бэлтгэсэн: UIH.mn

Сэтгэгдэл