"Цэцийн шийдвэр нээлттэй сонсголыг шийдвэр гаргах процесс гэж үзсэн шинжтэй байна"
2023-10-03

Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 5 дугаар дүгнэлтийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр хэлэлцлээ. УИХ-ын гишүүд энэ үеэр ямар байр суурь илэрхийлснийг хүргэе. 

Б.Энхбаяр: Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн байр суурьтай байна. Монгол Улс бол ардчилсан улс. Бид ардчилсан Үндсэн хуулиа 30 гаруй жилийн өмнө баталсан гэдгээрээ бахархдаг. Бид мөн төлөөллийн ардчилалтай, ард түмэн нь төрөө шууд сонгодог. Бид дарангуйлагч дэглэмтэй улс биш гэдгээрээ бахархаж, үүнийгээ улам хамгаалахыг эрмэлздэг. Сая Ганбат гишүүн хэлж байна. Үндсэн хуульд заасанчлан засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт байгаа. Ард түмэн өөрсдийн төлөөлөгчдөөрөө дамжуулж төрийг удирдах хэрэгт оролцдог. Тэр төлөөлөгчид нь бид. УИХ бол ард түмний төлөөллийн дээд байгууллага. Тэр утгаараа ард түмнээсээ эрхээ авсан, ард түмэндээ нээлттэй, мөн ард түмэндээ ажлаа тайлагнаж, хариуцлагаа үүрдэг ийм хэлбэр бол ардчилсан засаглал. Ард түмнийг бид үгээрээ тулгаж, хүчээр дарангуйлдаг дэглэм биш. Үүний эсрэг явж байгаа бидний ард түмнийхээ итгэлийг улам сайн олж явахын гол үндэс нь нээлттэй байдал, тунгалаг байдал, ойлгомжтой байдал. Занданшатар даргатай парламент энэ чиглэлд бол маш бодитой ажиллаж, парламентат ёсны жишигт хувьсгалт шинжтэй алхмууд хийж байгааг та бүхэн мэдэж байгаа. ХЭҮК-оос эхлээд ШЕЗ, сахилгын хороо, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг хүртэл нээлттэй сонсголоор оруулж ард түмэнд нээлттэй байдлаар, "шүүсийг нь шахаж", зам мөрийг нь шүүж бодлоготой нь танилцаж байж томилгоог нь шийддэг болсон. Анх парламентын гишүүнээр 2020 онд сонгогдон энэ танхимд хуралдахаар орж ирэхэд Улсын Дээд шүүхийн шүүгчээр Голомт банканд ажиллаж байсан хүнийг томилохоор ширээн дээр намтрыг нь шууд тавьж байсан. Тухайн үед бид танилцахгүй гэж эсэргүүцэж байсныг та бүхэн санаж байгаа. Нэг банкны шүүгчийг Монгол Улсын шүүх засаглалын оройд тавихгүй ээ, ийм "гар хөл болсон" хүмүүсийг томилохгүй гэдэг асуудлаар эсэргүүцэл илэрхийлж байсан. Ерөөсөө хаалттай байдлаар хэдхэн дарга нарын хүрээнд өнгөрсөн 30 жилд хууль сахиулах байгууллагын энэ олон томилгоонуудыг хийж ирсэн. Энэ нь нөгөө хонгил үүсдэг, өрсөлдөгчөө намнадаг дэглэмийг бий болгосон. Үүнийг нураахын төлөө энэ танхимаас хүчтэй одоо бодлого явуулсан. Сүхбаатар гишүүн ахалж, УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль баталсан. УИХ-аас томилогддог 40 гаруй албан тушаалтныг үүний дагуу нээлттэй сонсголоор оруулдаг болсон. Үүнийг Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн нь Монгол Улсын парламентыг ард түмнээс нь хаалттай болгох зорилготой гэсэн үг. Нээлттэй байх нь Үндсэн хууль зөрчсөн гэдэг шийдвэр гаргадаг Үндсэн хууль бид батлаагүй. Манай Үндсэн хууль бол ард түмэндээ улам бүр нээлттэй байх тухай Үндсэн хууль. Гэтэл энэ томилгоонуудыг нь эсрэгээрээ буцаагаад хаалттай болгох нь зүйтэй, нээлттэй байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна гэсэн дүгнэлт гаргажээ. Цэцийн дүгнэлтэд байгаа зарим асуудлуудыг бол хүлээж авах боломжтой. Тухайлбал, тэр өмнө нь нэгэнт нээлттэй шалгуураар ороод томилогдчихсон хүн дахиж томилогдох гэж байгаа бол түүнийг заавал дахиад хэлэлцэх шаардлагагүй. Миний хувьд санал нэг байна. 

Ц.Мөнхцэцэг: Цэцийн дүгнэлтэд "Бусад институтийн бүрэн эрхэд халдсан байна" гэж бичсэнтэй санал нийлэхгүй байна. Бидний гол анхаарах зүйл бол тодорхой албан тушаалтнуудад нэр дэвшсэн хүмүүсийг томилохын өмнө нээлттэй сонсгол хийх нь шийдвэр гаргах процесс биш. Энэ бол тухайн нэр дэвшигчийг хэн болох, ямар шүүх, хуулийн практикт ажилласан, хэр зэрэг боловсролтой зэргээр олон нийтэд мэдээлэл өгөх, шалгуурт нийцсэн, эсэхийг нь нээлттэй болгож байгаа хэлэлцүүлэг. Гэтэл Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрүүд нээлттэй сонсголыг шийдвэр гаргах процесс гэж үзсэн шинжтэй байна. Сонсгол бол олон нийтэд мэдээлэл өгөх гэж байгаа л үйл ажиллагаа. Түүнээс биш ҮХЦ-ийн, эсвэл Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдсан шинжтэй үйлдэл огтоос биш. 

Ц.Мөнх-Оргил: Нэгдүгээрт, процессын асуудал байна. ҮХЦ УИХ-д хангалттай хугацаа өгсөн байна шүү дээ. Жил болсон байна шүү дээ, хурлаа хийлгүй. Тэгээд жил болж байхад УИХ-ын төлөөлөгч ямар нэгэн шалтгаанаар хуралд оролцож чадаагүй бол Цэц хурлаа хийж л таарна. 26-нд хурал болох гэж байна, 25-нд ир гэж хэлж байгааг бид нар буруутгах аргагүй. Тэр чинь бас л яг бидэнтэй адилхан төрийн эрх мэдэл барьж байгаа нэг том салбар байхгүй юу. Ажлаа хийж байна. УИХ ч гэсэн маргааш, эсвэл үдээс хойш хурал зарлаж өчнөөн төрийн албан хаагчдыг л ажлаас нь дууддаг. Хоёрдугаарт, энэ бол төрийн эрх барьж байгаа том институтүүдийн хоорондын асуудал. Тийм учраас шууд буруутгах, танилцуулах эрхэд халдлаа гэж ярихаас илүүтэй балансыг нь яг олж уу, үгүй юү гэдгийг л хармаар байна. Жишээ нь, УИХ-ын гишүүд мэргэжилтэн, туслахуудтайгаа, Тамгын газрынхантайгаа хамтарч сууж байгаад илүү сайн дүгнэлт хийж үзэх ёстой гэж харж байна. Бүх албан тушаалтанд нээлттэй сонсгол хийхийг буруутгаагүй байна шүү дээ. Дотор нь ялгачихсан байгаа байхгүй юу. ШЕЗ-ийн тухайд нээлттэй сонсгол хийх нь зөв гээд, үндэслэлийг нь тайлбарлачихсан байна. Яагаад вэ? ШЕЗ-ийн гишүүн болоогүй байхад нь сонсгол хийж байгаа учраас шүүхийн хараат бус байдалд халдаагүй гэдэг нь ойлгомжтой. Харин Цэцийн гишүүний томилгооны тухайд нюанстай хандаж байна... Ерөнхийлөгч тэнд бөөн юм болж, нэг хүнийг шалгаруулж, нэр дэвшүүлэхээр энд УИХ дахиад хэлэлцээд байдаг. Ерөнхийлөгч тэндээ сонсгол хийж болно... 

Г.Ганболд: ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанд УИХ-ыг төлөөлөн оролцох итгэмжилсэн төлөөлөгчөөр УИХ-ын даргын 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 163 дугаар захирамжаар миний бие томилогдсон. Уг асуудлыг 22 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр хэлэлцэхээр 2 хоногийн өмнө буюу 11 сарын 2-нд анх итгэмжлэгдсэн төлөөлөгч надад Цэцээс бичиг ирүүлсэн. Үүний дагуу би УИХ-ын Хууль зүйн хэлтэс, Хууль зүйн одоо байнгын хорооны хуульчидтай хамтран уг асуудлыг хойшлуулах хүсэлтийг явуулсан. Тухайн үед Монгол Улсын төсөв хэлэлцэж байсан, төсвийн ажлын хэсэгт орсон учир маргааны талаарх материалтай танилцах ийм хугацаа өгөөч ээ гэдэг байдлаар хойшлуулах хүсэлт тайлбараа Цэцэд хүргүүлсэн. Үүнээс хойш бүтэн нэг жилийн хугацаанд дунд суудлын хуралдаан товлох гэж байгаа тул намайг байх, эсэхийг ярилцаж, хугацаа товлож байсан. Ингэж хойшлогдож байгаад сая 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хуралдах болсноо 24-ний өдөр надад мэдэгдсэн. Би 26-ны өдөр Швейцарын холбооны улсад олон улсын хуралд оролцохоор томилолт аваад онгоцны тийз бичүүлсэн байсан тул хуралдаанд оролцох боломжгүйгээ, албан томилолттой байгаагаа Цэцэд мэдэгдсэн. Гэсэн хэдий ч 9 сарын 26-ны өдөр хуралдаж шийдвэр гаргасан байна

 

Ж.Сүхбаатар: Тухайн албан тушаалтны онцлогтой холбогдуулан анх болон дахин томилогдохтой холбоотой зохицуулалтыг нарийвчлан хуульчлах шаардлагатай.  Үүнийг УИХ анхаарч сайжруулж болно. Гэхдээ зөвшилцөх, танилцах процесс бүхэлдээ Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэнийг хүлээж авах боломжгүй. Сонсгол бол попорч байгаа зүйл биш, олон түмэндээ танилцуулж байгаа юм. Олон түмэнтэйгээ зөвшилцөж байгаа юм. Зарим үед гишүүд асуудлыг өөрөө мэдэж, ард түмний төлөөлөгчийн хувьд кноп дардаг. Үүнээс гадна зарим нэг онцгой асуудлаар бол эрхийг нь өгөөд сонгосон иргэдтэйгээ хуваалцаж, эрх мэдлээ хэрэгжүүлдэг. Үүнийг үгүйсгэж болохгүй. Их хурал ер нь тэр хандлага жишиг рүү чиглэж байгаа шүү дээ. Асуудлаа иргэдтэйгээ зөвлөлддөг, санал солилцдог жишиг. Одоо энэ хуулийн төслийг яах вэ? Иргэд ээ, саналаа хэлнэ үү гэдэг агуулга руу чиглэж байгаа гэсэн үг. Түүнээс биш сонгосон төлөөлөгч бүгдийг шийдэх ёсгүй. 

        УИХ-ын Хууль зүйн байнгын хороо болон Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд Цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ.

 

Бэлтгэсэн: Б.Уянга 

 

 

 

 

Сэтгэгдэл