Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг гишүүдийнх нь олонхын саналаар гаргадаг
2023-09-29

          УИХ-аас нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулахтай холбогдуулан баталсан зарим хуулийн холбогдох заалтуудыг Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц үзсэн. Тодруулбал, УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.2 дахь заалт, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн холбогдох зохицуулалт  Үндсэн хуулийн 49 зүйлийн 1, 51 зүйлийн 2, 56 дугаар зүйлийн 2,  64 дүгээр зүйлийн 2, 3, 65 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн байна гэсэн Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэр есдүгээр сарын 28-нд гарлаа.   

Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй холбогдуулан олон нийтийн цахим сүлжээ болох твиттерт иргэд янз бүрийн байр суурь илэрхийлж байна. Тухайлбал, дараах байдлаар сэтгэгдэл бичжээ.  

  1. Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж гэж байх ёстой
  2. Одоо аль гишүүнийх нь хугацаа дуусаж байгаа юм бол
  3. Зурган дээрх хамгийн доод талын хоёр хүн МУИС-ийн ХЗС-ийн захирал, профессор байсан. Ийм ч шийдвэр гаргах гэж дээ.

Цэцийн аль гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссаныг тодруулсан, ажлаасаа чөлөөлөгдсөн гишүүнийг ажиллаж байгаа мэтээр бичсэн, цэцийн шийдвэрийг зөвхөн хоёр гишүүн гаргадаг гэсэн ойлголт өгөхөөр сэтгэгдлүүдэд зөв ойлголт, тайлбар өгөх зорилгоор UIH.mn мэдээлэл бэлтгэлээ.  

  1. Үндсэн хуулийн цэц есөн гишүүнтэй байх ёстой. Одоогоор найман гишүүн ажиллаж байна. Тодруулбал, Цэцийн гишүүн Ц.Нанзаддоржийг өөрийнх нь хүсэлтээр өнгөрсөн зургаадугаар сарын 29-нд ажлаас нь чөлөөлсөн. Тогтоол үзэх
  2. Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн 1-д заасны дагуу Цэцийн гишүүнийг зургаан жилийн хугацаагаар томилдог. Цэцийн гишүүн Н.Чинбатыг 2017 оны зургаадугаар сарын 9-нд, гишүүн Д.Одбаярыг 2016 оны арван нэгдүгээр сарын 17-нд томилсон бөгөөд бүрэн эрхийн хугацаа хугацаа нь дуусжээ.
  3. Цэцийн шийдвэрийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар гаргадаг байна. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн  3 дугаар зүйлийн 5-д “Хэлэлцэж байгаа асуудлыг Цэцийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ. Тухайн асуудлаар цөөнх болсон гишүүд үндэслэлээ тайлбарлаж дахин санал хураалгах эрхтэй бөгөөд хоёр дахь санал хураалтаар нөгөө тал цөөнх болж дахин санал хураалгах хүсэлт, тайлбар гарсан бол гурав дахь санал хураалт явуулж, эцэст нь хоёр удаа олонхын санал авснаар асуудлыг шийдвэрлэнэ” гэж заажээ. Мөн тус хуулийн 31 дүгээр зүйлийн 2-т “Хуралдаанаас гаргах дүгнэлтийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар… гаргана” гэж заасан. 2023 оны есдүгээр сарын 28-нд болсон Цэцийн дунд суудлын хуралдааныг Цэцийн гишүүн Цэцийн гишүүн Г.Баясгалан даргалж, Ш.Солонго, Г.Туулхүү, Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар нарын бүрэлдэхүүнтэй явуулсан. Тэгэхээр хуралдааны шийдвэрийг эдгээр таван гишүүний олонхын санал буюу гурав ба түүнээс дээш гишүүний саналаар гаргасан байна. Чухам аль гишүүд ямар санал гаргасан тухай мэдээлэл ил тод бус байна.

Бэлтгэсэн: UIH.mn 

Сэтгэгдэл