Ухарсан нь: Амжилттай туршлага судалдаг ч амжилтаа хамгаалдаггүй УИХ-ын гишүүд
2023-09-28

УИХ-д суудалтай намуудын төлөөлөл ХБНГУ-ын Бундестагийн туршлагыг судалж явна. Парламентын мөрдөн шалгах чиг үүрэг, хяналт шалгалтын түр хорооны зохион байгуулалт, нийтийн сонсгол зэргийг судалж явах хойгуур Үндсэн хуулийн цэц нийтийн сонсголтой холбоотой, хуулийн амин чухал заалтуудыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэв. Тодруулж хэлбэл, Цэц дунд суудлын хуралдаанаа есдүгээр сарын 26-нд хийж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурорыг томилохын өмнө УИХ нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах хуулийн зохицуулалтыг 5 дугаар дүгнэлтээрээ түдгэлзүүллээ. Энэ нь манай улсын парламентын ардчилалд том ухралт болж буйг судлаачид, хуульчид тэмдэглэж, шүүмжилж байна.   

 

Нэр дэвшигчийн сонсгол нь иргэдийн мэдэх эрхийг хангадаг

           “Ямар ч мэдлэг, туршлагагүй, шалгуур хангаагүй, мэргэжлийн бус хүнийг томилчихлоо, намын “шахаа”-гаар түүнийг гэнэт, далдуур, томилсон байна” гэх зэргийг та, бид өмнө нь олон сонсож байсныг нуух шаардлагагүй. Манай улсад төрийн өндөр албан тушаалтны томилгоо иймэрхүү байдлаар буюу хаалттай байж ирсэн. Ер нь “Би бүрэн эрхийнхээ хүрээнд энэ хүнийг томилохоор нэр дэвшүүллээ, томилохоос өмнө олон нийтэд намтар, түүхийг нь урьдчилан танилцуулж байна” гэж мэдэгдсэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, албан тушаалтан байдаг болов уу?  

         Тэгвэл парламентын нээлттэй сонсгол (нийтийн сонсгол) бол хаалттай томилгоог шийдсэн гарц юм. Аливаа албан тушаалтныг нэр дэвшүүлэх, томилох бүрэн эрх нь тухайн эрх бүхий субъектэд хадгалагдаж буй ч томилохынх нь өмнө ард түмний төлөөлөл болсон УИХ нэр дэвшигчийн сонсгол (нээлттэй сонсголын нэг төрөл) зохион байгуулж, томилгоонд иргэдийн оролцоо, мэдэх эрхийг ханган, тухайн албан тушаалтны намтар, түүхийг нээлттэй хэлэлцдэг ардчилсан процесс. Хамгийн гол нь Үндсэн хуулиар олгосон, иргэдийн мэдэх эрхийг хангаж байгаа хэрэг.

“Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж Үндсэн хуульд заасан. Үүний дагуу томилгоо хийх буюу шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах зорилгоор нэр дэвшигчийн сонсголыг хуульчилсан байдаг.

УИХ хариуцлагагүй хандаж, мэдээлэл гаргагч иргэн ямар ч логикгүй тайлбар хэлжээ

          Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд УИХ-аас томилсон итгэмжлэгдсэн төлөөлөгч, гишүүн Г.Ганболд ирээгүй байна. Уг нь хуралдаанд маргагч хоёр тал оролцож, мэтгэлцэх ёстой атал ийм процесс өрнөөгүй гэнэ. Зөвхөн мэдээлэл гаргасан иргэн Ж.Батмөнхийн нэмэлт тайлбарыг сонсож, Цэцийн гишүүд асуулт тавьж, хариулт авчээ. Тус хуралдааныг Цэцийн гишүүн Г.Баясгалан даргалж, Ш.Солонго, Г.Туулхүү, Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар нарын бүрэлдэхүүнтэй явуулсан байна. Харин уг маргааныг Цэцийн гишүүн Г.Туулхүү үүсгэж, хянан шалгажээ.   

Санаатай, эсэхийг нь мэдэхгүй ч УИХ нэр дэвшигчийн сонсголыг “хамгаалж” Цэцийн хуралдаанд мэтгэлцэх ёстой хүнээр эрхзүйч, хуульч биш гишүүнийг томилоод зогсохгүй гишүүн Г.Ганболд тэр өдөр гадаадад томилолттой байж таардаг нь сонин давхцал. Томилолттой байж болно. Гэхдээ Цэцийн хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргах хуулийн бүрэн боломжтой ч тэгээгүй нь бүр сонин. Гишүүн Г.Ганболд “нүүрсний асуудлаарх” түр хорооны даргаар ажилласан ч нотлох баримтын сонсгол хийж чадалгүй байсаар хорооных нь бүрэн эрхийн хугацаа дууссаныг цохон тэмдэглэе.

        УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ирээгүй нь “завшаан” болсон уу, мэдээлэл гаргагч иргэн буюу маргагч тал хэнэг ч үгүй худал тайлбар өгснийг ажиглагчид хэлсэн. Тухайлбал, “Шүүх эрх мэдлийн байгууллагуудын удирдлагыг томилохдоо нэр дэвшигчийн сонсгол хийдэг олон улсын жишиг, туршлага байхгүй” гэх тайлбар өгсөн нь худал бөгөөд олон улсад ийм практик байдгийг судлаачид онцолж байна. Уг нь ийм тохиолдолд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарыг няцааж, баримт хэлэх ёстой сон.

Мэдээлэл гаргагч “Албан тушаалтныг анх удаа томилоход сонсгол хийх нь зөв ч дахин томилох үеэр сонсгол хийх нь Үндсэн хууль зөрчинө” гэсэн логикгүй тайлбар өгчээ.

          Түүний мэдээлэл гаргасан үндэслэлд “Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийг УИХ сонсголд оруулж байгаа нь Ерөнхийлөгч, Улсын дээд шүүхийн нэр дэвшүүлэх бүрэн эрхэд халдаж, Цэцийн гишүүний хараат бус байдалд нөлөөлж байна” гэж бичсэнийг судлаачид шүүмжилжээ. Тухайлбал, доктор О.Мөнхсайхан “Ерөнхийлөгч, Улсын дээд шүүхээс Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх бүрэн эрх нь одоо ч хэвээр байгаа. Энэ хоёр субъектээс нэр дэвшүүлсэн хүн шаардлага хангасан, эсэхийг хэлэлцээд, томилох бүрэн эрх нь УИХ-д өмнө ч байсан, одоо ч байгаа. Сонсгол бол томилохын өмнө тухайн нэр дэвшигчийг шаардлага хангасан, эсэхийг мэдэх л процесс. Санал болгосон нэр дэвшигч Цэцийн гишүүнээр томилогдсоны дараа УИХ, аливаа этгээд Цэцийн гишүүний хараат бус байдалд нөлөөлөхийг Үндсэн хуулиар хориглосон. Тиймээс сонсгол нь Ерөнхийлөгчийн болон Улсын дээд шүүхийн нэр дэвшигчийг санал болгох бүрэн эрхэд халдаагүй” гэж Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа онцолсон байдаг.

Нэр дэвшигчийн сонсголтой холбоотой судлаачдын байр сууриас хүргэж байна. 

 

Цэцийн гурван гишүүний орон тоонд томилгоо хийнэ

        Үндсэн хуулийн цэц есөн гишүүнтэй байх ёстой ч өдгөө найман гишүүнтэй ажиллаж байна. Тодруулбал, Н.Чинбат, Д.Одбаяр, Ш.Солонго, Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, Г.Баясгалан, Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар гэсэн бүрэлдэхүүнтэй. Цэцийн гишүүн Ц.Нанзаддоржийг өөрийнх нь хүсэлтээр 2023 оны зургаадугаар сарын 29-нд ажлаас нь чөлөөлжээ. Ерөнхийлөгч нэр дэвшүүлж, УИХ томилсон түүний бүрэн эрхийн хугацаа 2024 оны тавдугаар сарын 24-нд дуусах байв.

Мөн гишүүн Н.Чинбат, Д.Одбаяр нарын бүрэн эрхийн хугацаа нь аль хэдийн дуусжээ. Улсын дээд шүүхийн санал болгосноор Н.Чинбатыг Цэцийн гишүүнээр 2017 оны зургаадугаар сарын 9-нд томилжээ. Д.Одбаярыг УИХ-ын санал болгосноор 2016 оны арван нэгдүгээр сарын 17-нд томилсон байна.  

      Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн 1-д “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг УИХ, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заасан. Тэгэхээр Цэцийн гишүүн Д.Одбаярын бүрэн эрхийн хугацаа 2022 оны арван нэгдүгээр сарын 17-нд дууссан бол Н.Чинбатынх 2023 оны зургаадугаар сарын 9-нд дуусжээ.

Шуудхан хэлэхэд, Цэцийн гурван гишүүний орон тоонд томилгоо хийх болсонтой зэрэгцэн Цэцийн гишүүнийг томилохын өмнө нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах хуулийн зохицуулалтыг хүчингүй болгох шийдвэр гаргасан нь яахын аргагүй “хар төрүүлж” байна. Ерөнхийлөгч, УИХ, Улсын дээд шүүхээс эдгээр орон тоонд тус бүр нэг нэг хүнийг удахгүй нэр дэвшүүлнэ. Тэгэхээр нэр дэвшигчдийг нээлттэй сонсголоор “оруулахгүйгээр” томилох “замыг засав” уу гэлтэй.  

Цаашид яах вэ буюу Цэцийн их суудлын хуралдаан болох уу?

       УИХ Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг УИХ-ын намрын чуулганы хуралдаан эхэлмэгц буюу ирэх долоо хоногт багтаан хуулийн хугацаанд хэлэлцэнэ. Хэрэв УИХ-ын гишүүдийн олонх хүлээж авахгүй гэж үзвэл Цэц маргааныг бүрэн бүрэлдэхүүнтэй хуралдаанаар дахин хянан хэлэлцэх хуультай.

Тодруулбал, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 3-т “Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрөөгүй тогтоол гаргасан бол түүний үндэслэлийг Цэц бүрэн бүрэлдэхүүнтэй хуралдаанаар маргааныг эхнээс нь дахин хэлэлцэж, УИХ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй үндэслэл зөв болох нь нотлогдвол өмнөх дүгнэлтээ хүчингүй болгох, хэрэв үндэслэл нь батлагдахгүй бол УИХ-ын тогтоолыг хүчингүй болгож тогтоол гаргана” гэж заасан.      

Тэгэхээр УИХ-ын гишүүд уг шийдвэрийг хэрхэн хэлэлцэхээс Цэц шийдвэрээ эргэж харах, эсэх асуудал шийдэгдэх нь.   

Бэлтгэсэн: Б.Уянга 

Сэтгэгдэл