Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий хянан шалгах түр хороог УИХ-ын 2023 оны 63 дугаар тогтоолоор байгуулсан. Тус хороо наймдугаар сарын 29-нд хуралдаж, Хянан шалгах түр хорооны даргыг сонгох тухай түр хорооны тогтоолын төсөл хэлэлцсэн байна. Хорооны хуралдааныг УИХ-ыэн гишүүн Д.Ганбат даргалжээ. Хянан шалгах түр хорооны даргад УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, М.Оюунчимэг нар гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг нэр дэвшүүлсэн бол гишүүн С.Ганбаатар өөрийн нэрийг дэвшүүлсэн байна.
Хянан шалгах түр хорооны даргад нэр дэвшигчдээс хянан шалгах түр хорооны гишүүд асуулт асууж, хариулт авчээ. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг олон нийтийн анхаарлыг татсан асуудлаар хянан шалгах түр хороо маш хариуцлагатай ажиллах ёстойг дурдаад, "Нэр дэвшигч, гишүүн Х.Нямбаатарыг Хянан шалгах түр хороог ахалсан тохиолдолд асуудалд УИХ-ын гишүүний хувиар хандах уу, эсхүл Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувиар хандах уу" хэмээн асуусан байна. Мөн УИХ-ын гишүүн Б. Жаргалмаа нүүрстэй холбоотой хэргийн хэдэн хувийг шийдвэрлэсэн гэж үзэж байгаа талаар, гишүүн С.Ганбаатар нүүрстэй холбоотой өөрт байгаа мэдээллийг түр хорооны хуралдаанд нээлттэй ил тод мэдээлж, нээлттэй ажиллах, эсэхийг тодруулж байв. УИХ-ын гишүүн Т.Доржханд нэр дэвшигч, гишүүн С.Ганбаатарыг хараат бус байдлаар ажиллаж чадах, эсэхийг тодруулж, хариулт авчээ.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Хянан шалгах түр хорооны гишүүд УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хяналт шалгалтын ажлыг явуулах үүрэг хүлээнэ. Хууль тогтоомжийн хувьд зөрчилдөөнтэй зүйл байхгүй гэж үзэж байгаа. Хянан шалгах түр хорооны дарга түр хорооны зохион байгуулалтыг л удирдаж явахаас бус, ганцаараа асуудал шийдэхгүй. Хянан шалгах түр хорооны гишүүд адил тэнцүү саналын эрхтэй оролцож, шинжээчээ сонгож, томилж, нотлох баримтуудаа шинжлэн судалж, нээлттэй хэлэлцүүлгүүдээ зохион байгуулна. Олон нийтэд далд байгаа мэдээллийг ил болгож, олон нийтийн хяналт дор тэдний хардаж буй асуудлуудыг ил болгоно. Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх ажлын хүрээ, мөрдөн шалгах үйл ажиллагаа хоёр бол тусдаа зүйл. Хууль зүй, дотоод хэргийн сайдын үндсэн чиг үүрэг бол бодлого тодорхойлж, бүтэц тогтолцоог боловсронгуй болгох юм. Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд хуулийн хүрээнд нүүрсний хэрэгтэй холбоотой мэдээллүүдийг авч байгаа. Энэ удаагийн УИХ-ын хийх ажлын томоохон хэсэг бол төрийн болон орон нутгийн өмчит компаниудыг засаглалынх нь хувьд цэгцлэх бөгөөд Улсын Их Хурлын намрын чуулганаар холбогдох хуулийг батлагдаасай гэж хүсэж байна. Энэ удаагийн сонсгол нь Төрийн өмчит компаниудыг цаашид алдаа дутагдал гаргахгүй байх тогтолцоог шинэчлэх, өмнө нь хийгдсэн бүх гэрээ хэлцлүүдийг олон нийтэд ил тод болгох явдал" гэж хариулсан байна.
Хянан шалгах түр хорооны даргад УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг нэр дэвшүүлснийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 55.6 хувь нь дэмжиж, Түр хорооны даргыг сонгох тухай УИХ-ын хянан шалгах түр хорооны тогтоолыг баталжээ.
Бэлтгэсэн: UIH.mn