"Нээлттэй засгийн түншлэл"-ийн дээд хэмжээний уулзалтад ЦХҮТ-ийн төлөөлөл оролцож байна
2023-09-07

         Эстонийн Таллинд энэ сарын 6, 7-нд зохион байгуулагдаж байгаа "Open Government Partnership" буюу "Нээлттэй Засгийн Түншлэл"-ийн дээд хэмжээний 8 дугаар уулзалтад Цогц Хөгжлийн Үндэсний Төвийн төлөөлөл оролцож байна. 

       Энэ удаагийн уулзалт цахим эрин дэх нээлттэй засаглал, тодруулбал, засаглал, шийдвэр гаргах үйл явцыг шилэн, хариуцлагатай болгоход технологийн боломж ашиглах, түүнчлэн ардчиллыг хамгаалах сэдэвт төвлөрч байна. 

       Нээлттэй Засгийн Түншлэлд дэлхийн 75 улс, 104 орон нутгийн засаг захиргаа, олон мянган иргэний нийгмийн байгууллага нэгдсэн байдаг. Засгийн газрын тэргүүнүүд болон иргэний нийгмийн төлөөллүүд ил тод, оролцоотой, хүртээмжтэй, хариуцлагатай засаглалыг дэмжихийн тулд энэхүү өвөрмөц түншлэлийг 2011 онд бий болгосон. 

      Дээд хэмжээний уулзалтыг Эстонийн Ерөнхий сайд Кажа Каллас нээж хэлсэн үгэндээ дэлхий дахинд авторитаризм нэмэгдэж байгааг онцлоод, нээлттэй, чөлөөт нийгэм нь инноваци, хөгжил цэцэглэлтийн үржил шимт хөрс бүрдүүлдгийг тэмдэглэв. Уулзалтад 125 улсын 2000 гаруй төлөөлөл оролцож байна. 

Сэтгэгдэл