Г.Занданшатар: 2024 онд шинээр байгуулагдах парламент сонгодог мэтгэлцээний зарчмаар ажиллана
2023-08-10

“Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын 2023 оны 44 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын захирамжаар ажлын хэсгүүд байгуулсан. Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, эрх зүйн бусад актыг боловсронгуй болгох, УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд шаардлагатай тооцоо, судалгаа хийх, УИХ-ын ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгүүдийн гишүүдийг УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээн авч уулзлаа. 

УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу бүрдэх дараагийн УИХ-ын үйл ажиллагаа, дэгтэй холбоотой болон бусад холбогдох хууль эрх зүйн шинэчлэлийг намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан хийх шаардлагатайг онцлоод, үүний хүрээнд УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжуудыг шинэчлэн батлах, бэлтгэл хангахад анхаарах асуудалд холбогдох чиглэлүүд ажлын хэсгүүдэд өглөө.

               УИХ-аас хэрэгжүүлж буй эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй уялдуулан парламентын нээлттэй, ил тод байдлыг хангах, хууль тогтоох үйл ажиллагааны чанарыг сайжруулах, хуулийн хэрэгжилтэд тавих хяналтыг чангатгах зэрэгт намрын чуулган голлон анхаарах ёстойг дурдаад Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдах 126 гишүүнтэй УИХ-ын үйл ажиллагааг сонгодог мэтгэлцээний зарчимд шилжүүлэх, энэ чиглэлээр Шинэ Зеланд зэрэг олон улсын сайн туршлагаас судалж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах чиглэл өгөв. Мөн намын бүлгүүдийн сахилга, хариуцлагыг чангатгах, эрх, үүргийг тодорхой болгох, цөөнхийн эрх ашгийг хангасан эрх зүйн орчин бүрдүүлэх, УИХ-ын мөрдөн шалгах сонсголын үйл явцыг тодорхой болгох зэрэгт анхаарч холбогдох хуулиудад өөрчлөлт оруулж ажиллах шаардлагатайг анхааруулав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 

Сэтгэгдэл