Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн /2023.07.06/ хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийн тухай танилцуулгыг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Дамдиням танилцууллаа. Тэрбээр, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу 6 зарчмын зөрүүтэй болон дахин санал хураах шаардлагатай гэж үзсэн 3 зарчмын зөрүүтэй саналуудыг тус тус хэлэлцэж, шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.
Танилцуулагатай холбоотой байнгын хорооны гишүүд Ажлын хэсгээс асуух асуулт байсангүй тул зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалаа. Тухайлбал, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сул орон тоонд аймаг, сум, баг, дүүрэг, тосгоны удирдлагын захиалгаар, эсхүл өөрийн хүсэлтээр 3-аас доошгүй жил мэргэжлээрээ ажиллах гэрээ байгуулсан багшид төрөөс дэмжлэг үзүүлнэ, дээд боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтан өндөр насны тэтгэвэр тогтоолгоход Хөдөлмөрийн хуульд заасны дагуу тэтгэмжийг тухайн боловсролын сургалтын байгууллагаас олгох гэх зэрэг тус байнгын хорооноос гаргасан саналууд дэмжигдлээ. Мөн сургуулийн өмнөх, мэргэжлийн, техникийн, дээд боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа Зөвшөөрлийн тухай хуульд заасан хугацаанаас доошгүй байна. Ерөнхий боловсролын сургууль байгуулах зөвшөөрлийн хугацаа 12 жил байна зэрэг Зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох хуулийн 21 дүгээр зүйлд гаргасан саналуудыг дэмжив.
Хуулийн төслийн 6.1-т “Монгол Улсад боловсрол эзэмшүүлэх сургалтыг төрийн албан ёсны хэлээр явуулна. Сургалтын үндсэн гадаад хэл нь англи хэл байх бөгөөд эх хэлээрээ суралцах болон бусад гадаад хэл сурах эрхийг үл хөндөнө” гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувиар дэмжсэн байна. Ийнхүү өнөөдрийн байнгын хорооны хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанд байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.