Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон УИХ-ын 40 гишүүний 95 хувь нь дэмжиж, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдав. Тус тогтоол батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Энэ удаа 11 зорилгыг дэвшүүлэн “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр” баталлаа. Энэ хүрээнд улс төрийн намын санхүүжилт, үйл ажиллагааны ил тод байдлыг хангах замаар улс төрийн хүрээнд авлигатай тэмцэх манлайлал, ил тод байдлыг сайжруулна. Олон нийтийн итгэлийг хүлээсэн авлигаас ангид, ёс зүйт нийтийн албыг бэхжүүлэх зорилгыг ойрын хугацаанд хэрэгжүүлнэ.
Иргэний нийгмийн байгууллагууд, сэтгүүл зүй, мэргэжлийн хяналт, төрийн хяналтын байгууллагууд хяналтын хэвтээ тогтолцоонд шилжиж байгааг сая баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-өөр баталгаажуулж байна. Төр дангаараа авлигын эсрэг тэмцэх биш бүх нийтээр, хамтын хүчин чармайлтаар хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Улсын Их Хурлаас баталж буй бүх хууль, тогтоолд авлигатай тэмцэх үзэл санааг багтаасан байгаа. Энэ чуулганыг авлигатай тэмцэх хууль, эрх зүйн орчныг сайжруулсан чуулган болно гэдгийг хэлж байв. Энэ зорилтоо бид өнөөдөр нэг алхмаар үргэлжлүүлж, олон нийтийн шүүмж, хөндлөнгийн судалгааны байгууллагуудын үр дүнд нийцүүлэн төрийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод байх нөхцөлийг хангаж энэ өөрчлөлт шинэчлэлтүүдийг хийн “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг өнөөдөр баталлаа” хэмээн хэлэв.
Эх сурвалж. parliament.mn