УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2023.06.22/ хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулиудийн шинэчилсэн найруулгын, мөн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгыг тус Байнгын хорооны дарга П.Анужин хийлээ. Анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын дарга Г.Занданшатар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл болон Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн төслүүдэд гаргасан зарчмын зөрүүтэй хоёр саналыг гүйцээн боловсруулах чиглэл өгсөн. Эдгээрийг болон анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн боловч нийт гишүүдийн 2/3-оор дэмжүүлж, дахин санал хураалгах шаардлагатай хоёр саналыг ажлын хэсэг гүйцээн боловсруулж, шинэчлэн бэлтгэсэн талаар байнгын хорооны дарга П.Анужин дурдлаа.
УИХ-ын гишүүд байнгын асаргаатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асарч ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа ээжүүдийн шимтгэлийг төр одоо бас хариуцах боломжтой, эсэх, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйл дэх мөнгөжүүлсэн орлогыг өвлүүлэх тухай зохицуулалтад оруулсан ипотекийн зээлд хамруулах, эрүүл мэнд, боловсролын зардал зарцуулах зэрэг заалтууд олон жилийн дараагаас хэрэгжиж эхлэх тул одоо хуульд тусгах шаардлатай, эсэх, багц хуулийн төсөлд үйлдвэрчний эвлэлийн саналыг авч, тусгасан, эсэх, малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төрөөс төлөх нь мал бүхий иргэдийн үүрэг, хариуцлагыг бүрхэгдүүлж буй эсэх, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг багц хуулийн хүрээнд үргэлжлүүлэн хэлэлцэх эсэх, тэтгэврийг дараалсан долоон жилийн цалингийн дунджаар тооцож байгааг таван жилээр тооцохоор болж байгаатай холбогдуулан 2018 оноос долоон жилээр тооцуулсан хүмүүсийн тэтгэврийн зөрүүг нөхөж олгох, тодорхой мэргэжлийн хүмүүсийг тэтгэвэрт гарах насаа өөрсдөө сонгодог байх нөхцлийг хуулиар олгох зэрэг олон асуудлыг хөндөж, хуулийн төслүүдийг олон нийтээр хэрхэн хэлэлцүүлсэн талаар тодруулав. Байнгын хорооны дарга П.Анужин нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийг хөдөө, орон нутагт 10, Улаанбаатар хотод долоон удаагийн хэлэлцүүлгээр хэлэлцүүлж, 33 000 орчим иргэнээс санал авсан хэмээн мэдээлэл өгч, хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийн үеэр хөндөгдөөгүй асуудлаар эцсийн хэлэлцүүлэгт санал хураах боломжгүйг тайлбарлав.
УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа ажлын хэсгээс боловсруулж бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураав. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төслийн 35.1.2-т, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн “даатгуулагчийг төлөөлж даатгуулагчийн олонхын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллагаас” гэсний “байгууллагаас” гэснийг “үйлдвэрчний эвлэлээс” гэж өөрчлөх саналын талаар Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар үг хэллээ. Тэрбээр "Монгол Улсад “байгууллага” гэх нийгмийн субьект, хуулийн этгээд байхгүй тул ингэж зааснаас энэ асуудал эзэнгүй орхигдож хаягдана хэмээн үзэж буй"-гаа хэлэв. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан гишүүн С.Чинзориг, М.Оюунчимэг нар малчдын нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой асуудлыг зарим тайлбарыг хийж, байр сууриа илэрхийлсэн юм. Түүнчлэн Нийгмийн даатгалын тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан, өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа 1991 онд батлагдсан Тэтгэмжийн тухай БНМАУ-ын хуулийг хүчингүй болгох асуудлаар ажлын хэсгээс Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл боловсруулсныг хэлэлцэв. Зарчмын зөрүүтэй саналууд болон Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулиудийн шинэчилсэн найруулгын төслүүд, мөн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
эх сурвалж: parliament.mn