Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой нийтийн эрх ашгийг хөндсөн, улсын хөгжлийг гацаасан, томоохон авлига, хулгайн асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэгт иргэд “чих тавьсаар” байна. Тэгвэл ард түмний төлөөллийн, төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ уг асуудлыг шийдэхэд хэрхэн ажилласан бэ.
УИХ-ын хянан шалгах бүрэн эрх гэж бий. Товчхон хэлбэл, нийтийн эрх ашгийг хөндсөн, эсвэл хуулийн биелэлтийг хангуулахтай холбоотойгоор асуудлыг хянан шалгаж, тодорхой шийдвэр гаргаж болно гэсэн үг. Тийм ч учраас Хөгжлийн банкны зээлийн асуудлыг хянан шалгах түр хороо байгуулж, нотлох баримтын сонсгол зохион байгуулан, гэрчүүдийн мэдүүлэг авсан удаатай. Харин “нүүрсний хулгай”-н асуудлаар нэг жилийн өмнө байгуулсан түр хороо ийм сонсгол хийсэнгүй. Уг нь тус хороог анх байгуулснаар бол зургаан сарын хугацаанд тусгай шалгалт явуулж, тайлангаа санал, дүгнэлтийн хамт УИХ-д танилцуулах ёстой байв. Гэвч ажиллах хугацааг нь дахин зургаан сараар сунгасан бөгөөд УИХ-ын 31 дүгээр тогтоолд зааснаар тооцож үзэхэд бүрэн эрх нь өчигдөр дуусгавар болсон байна.
Сонсгол хойшлуулсан шалтгааны талаар гишүүн Н.Ганибал юу хэлэв
УИХ-ын Тамгын газрын албан ёсны сайт болох parliament.mn хуудсанд нүүрсний асуудлаарх түр хорооны долоон хуралдааны тэмдэглэлийг байршуулжээ. Эдгээр нь хорооны даргыг сонгох, удирдамж батлах, хянан шалгагч нар томилох, төрийн бусад байгууллагаас өмнө нь хийсэн шалгалтын мэдээллийг сонсох, нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын тов тогтоох, горимын санал гаргах талаар хэлэлцсэн хуралдааны тэмдэглэл байв.
Жишээ нь, энэ оны гуравдугаар сарын 20-ны хуралдаанаараа нотлох баримтын сонсголыг дөрөвдүгээр сарын 10-12-нд явуулахаар товложээ. Харамсалтай нь, түр хорооны дарга Г.Ганболд сонсгол болохоос долоо хоногийн өмнө товыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулснаа мэдэгдэж байв. Үүнээс хойш түр хорооны үйл ажиллагааны “сураг чимээ тасарсан”. Хойшлуулсан шалтгаанаа АТГ-аас ирүүлсэн бичигтэй холбоотой гэж тухайн үед тайлбарлаж байлаа. Харин УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн хэвлэлийн бага хурлын үеэр гишүүн Н.Ганибал сонсгол хийгээгүй шалтгааныг өөрөөр тайлбарлав. Тэрбээр “Тухайн үед нотлох баримтын сонсголын гэрчүүдийг зарлах түр хорооны хурлыг эхлүүлэхгүй, дарга Г.Ганболд бид нарыг зургаан цагийн турш хүлээлгэсэн. Эцэст нь ирээд сонсголыг хойшлуулах санал оруулж, гишүүдээр дэмжүүлж батлуулсан. Манай бүлгээс Б.Бейсен гишүүн бид хоёр хуралд оролцсон. Бид хоёр эсрэг байр суурьтай байсан. МАН-ын нэр бүхий гишүүд, ХҮН-ээс сонгогдсон Т.Доржханд нар сонсголыг хойшлуулахыг дэмжсэн. Үүнээс хойш хуралдахгүй байна. Г.Ганболд дарга намынхаа дарга нартай хамт зургаан цагийн турш байсан юм билээ. Дарга нараасаа чиглэл аваад, үүний дагуу сонсгол хийгээгүйг албан ёсоор хэлье” гэсэн юм.
Түр хорооны дарга Г.Ганболдын мэдэгдэл хийсэн өдөр буюу дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн түр хорооны хуралдаан тэмдэглэлээс үзвэл С.Одонтуяа гишүүн томилолттой, Ц.Анандбазар, Г.Мөнхцэцэг чөлөөтэй, Н.Наранбаатар өвчтэй байжээ. Хуралдаанд 9 гишүүн оролцсон бөгөөд хаалттай горимд шилжүүлжээ.
Түр хорооны бүрэлдэхүүнд олонхыг төлөөлөн гишүүн Ц.Анандбазар, Б.Баттөмөр, Г.Ганболд, Л.Мөнхбаатар, Г.Мөнхцэцэг, Н.Наранбаатар, Т.Энхтүвшин, С.Бямбацогт нар ажилладаг. Харин цөөнхийг төлөөлөн гишүүн С.Одонтуяа, Б.Бейсен, С.Ганбаатар, Н.Ганибал, Т.Доржханд нар бүрэлдэхүүнд нь багтсаныг тодотгоё.
Түр хороо юу хийх ёстой вэ
Монгол Улс 2022 онд 18 сая тонн нүүрс экспортлохоос 2022 оны эхний дөрвөн сарын байдлаар 3.8 сая тонн нүүрс экспортолж, төлөвлөсөн экспорт саатаж, үүнээс улсын төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн 1.3 их наяд төгрөгийн орлого тасалдах нөхцөл үүссэн. Тиймээс хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох зорилгоор тус хороог байгуулсан түүхтэй.
УИХ-ын 31 дүгээр тогтоолд тусгаснаар хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын хүрээ хязгаарыг доор дурдсанаар тогтоосон байдаг.
Хянан шалгах түр хороо дээрх шалгалтын үр дүнг үндэслэн нүүрсний экспортыг сайжруулахтай холбоотой тодорхой саналыг УИХ-д танилцуулах ёстой байв. УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 56.8-д зааснаар бол түр хороо тайлан, санал, дүгнэлтээ УИХ-д танилцуулснаар татан буугдсанд тооцох хуультай. Гэвч тайлан, санал дүгнэлт УИХ-д танилцуулсангүй, УИХ-ын 31 дүгээр тогтоолд заасанчлан ажиллах хугацаа нь ч дууссан байна.
Бэлтгэсэн: UIH.mn