“Нэг минутад 3.3, нэг цагт 195 сая, нэг хоногт 4.7 тэрбум төгрөг зарцуулсан” гэх тоон мэдээллийг Та хараад “Энэ их мөнгийг хэн юунд зориулсан юм бол” гэж бодох байх. 2020 оны УИХ-ын сонгуулиар нам, эвслүүд нийт 75 тэрбум төгрөгийг сурталчилгааны 16 хоногт “цацсан”-ыг хоног, цаг, минутаар хэмжихэд ийм дүн гарах аж. Гэхдээ энэ нь зөвхөн тайлагнасан дүн гэдгийг тодотгоё.
24 цагт тэрбум тэрбумаар нь зарцуулж, өрсөлддөг сонгуулийн үр дүнд бодлого дэвшүүлдэг, чадвартай, ёс зүйтэй хүн “ялна” гэж хүлээх нь утгагүй. Өндөр зардал шаарддаг сонгуулийн систем нь эцсийн дүндээ залуус, нийгмийн янз бүрийн төлөөлөл (эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд...) сонгогдоход саад болдог. Үүнийг дараах баримт, кейсээс харж болно.
УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бодлого боловсруулагчид хэлэлцэж эхэлсэн энэ үед сонгуулийн зардлыг бууруулах тухай хэрхэн тусгасныг, мөн ямар санал, шийдлүүд байгааг эргэцүүлье.
Нэр дэвшигчдийн танилцуулгыг нэг хуудсанд хэвлэдэг жишиг
Том хэмжээтэй сурталчилгааны самбар гудамж, талбайд олныг ярайтал байрлуулчихдаг нь Монголын сонгуулийн дүр төрх. Тэгвэл ирэх сонгуулиар ийм “жишиг”-ээ давтах уу. Сонгуулийн хуулийн зохицуулалтаар бол А4-ийн бичгийн цаасыг 16 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэлх хэмжээтэй зурагт самбар, дэлгэц сурталчилгаанд ашиглаж болохоор тусгажээ. Тодруулбал, зурагт самбар, дэлгэцийн хэмжээ нь хоёр хэвлэлийн хуудаснаас илүүгүй байх бөгөөд нэг хэвлэлийн хуудас нь А4 бичгийн цаасны нэг нүүрнээс найм дахин их хэмжээтэй аж. 2020 оны сонгуулиар баримталсан уг хэмжээг энэ удаад өөрчлөхгүй байхаар хуулийн төсөл боловсруулжээ.
Угтаа бол дээрх заасан хэмжээтэй хэвлэлийн хуудсанд тухайн тойрогт өрсөлдөж буй бүх нам, нэр дэвшигчийн зураг, уриаг нэг дор багтаачхаж болохоор. Ийм энгийн зүйлээс сонгуулийн зардал хэмнэгдэж, гарааны тэгш байдал үүсдэг. Сонин, сэтгүүл, ухуулах хуудасны тухайд ч шинэлэг арга барил, сайн жишгийг нэвтрүүлж болох ч одоогоор төсөлд энэ талаар тусгаагүй байна. Харин эдгээрийн тоо ширхгийг цөөрүүлэх хэдэн заалт бий. Мөн ухуулагч сайн дураар ажиллах, цалинг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хэтрүүлэхгүй олгохоор заасан ч үүний хэрэгжилтийг хэрхэн хянах, хариуцлага тооцох нь тодорхойгүй байна.
Иргэн С.Мөнхчулуун “Тойрог бүрд нэг сэтгүүл бэлтгэж, нэр дэвшигчдийн танилцуулгыг нэг стандартаар 2-3 хуудсанд багтааж хийнэ. Уулзалтыг товлосон нэг газарт бүх нэр дэвшигчид хуваарийн дагуу хийж болно. Сурталчилгааны самбарыг ч мөн хороо бүрд тогтсон 3-4 цэг дээр ингэж байршуулах боломжтой. Сонгуулийн зардлыг бууруулахгүйгээр “цэвэр”, шударга, шинэ залуу нэр дэвшигчид сонгогдох ямар ч боломжгүй” гэж хэлэв. Түүний хэлсэнчлэн Япон зэрэг бусад оронд хэрэглэдэг ийм жишгийг яагаад манайд нэвтрүүлж болохгүй гэж. Сонгуулийн хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх үед УИХ-ын зарим гишүүн эл санааг онцолж байсан бол УИХ-ын дарга Г.Занданшатар “Хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад сонгуулийн зардлыг бууруулахад ажлын хэсэг, байнгын хороо анхаарах ёстой” гэж дурдсаныг онцолъё.
Их хэмжээний зардал шаарддаг сурталчилгааны төрөл бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл. Доктор Б.Эрдэнэдалайгийн “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиудын үр дүнд хийх үнэлгээ” сэдэвт судалгааны тайланд нэр дэвшигчдийн зурагтын сувгаар гарсан хугацаа, сонгуульт ажлын зардал нь авч буй саналын хэмжээнд эергээр нөлөөлдгийг дурджээ. Уг нь арилжааны телевизээр сурталчилгаа нэвтрүүлэх хугацаанд хуулиар хязгаар тогтоосон. Гэвч телевизүүдийн сурталчилгаа нэвтрүүлэх төлбөр өндөр тул энэ нь хөрөнгө мөнгөтэй нэр дэвшигчдэд давуу тал болж, залуус, эмэгтэйчүүд, шинэ нэр дэвшигчдэд “хаалтын хана” үүсгэдэг. Тиймээс зарим судлаач арилжааны телевизээр сурталчилгаа явуулдгийг бүр мөсөн хориглох талаар хөнддөг бол зарим нь бодлогын мэтгэлцээнд нэр дэвшигчдийг тэгш оролцуулах байдлаар шийдэх нь зөв гэж үздэг.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Сонгуулийн хуулийн төсөлд зардлыг эрс бууруулахаар тусгасан. Ухуулагч, сурталчилгааны самбарыг тоог бууруулна. Багцлаад үзвэл сонгуулийн зардал 50 хувиар буурна гэж тооцсон”-ыг онцолсон бол үүнд судлаачид эсрэг байр суурьтай байгаа юм. Тухайлбал, судлаач Д.Энхцэцэг “Самбарын тоог механикаар бууруулахаар зардал буурна гэж итгэх, итгүүлэх юм. Сонгуулийн кампанит ажлыг мэтгэлцээний соёлтой бодлогын өрсөлдөөн болгож, хандлагыг өөрчлөх хөшүүргүүдээ хуульчилсан бол зардал бодитой буурч эхэлнэ” хэмээв.
“Бодлогод залуусын хяналт” ТББ ч гэсэн сонгуулийн зардлыг бууруулах зохицуулалт хангалтгүй байгааг дурдаад, сонгуулийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд санал, зөвлөмж хүргүүлээд байна. Үүнээс сонгуулийн зардал бууруулахтай холбоотой зөвлөмжийг дор хавсаргав.
Нэмж хэлэхэд, сонгуулийн зардлыг бууруулах зорилгоор зардлын дээд хэмжээг Үндэсний аудитын газар тогтоож ирсэн. Гэвч энэ нь үр дүнгээ өгөхгүй, харин ч зардлаа нуух боломж олгосныг доктор Э.Гэрэлт-Од “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцооны улс төр, эрх зүйн түүхэн шинжилгээ /1992-2020/” тайландаа онцолсон байдаг.
53.4 дэх заалтыг “дэнчин”-гийн хэлбэрээр хэрэгжүүлэх вий
2020 оны сонгуулиар Ардчилсан нам нэр дэвшигчдээсээ 100 сая төгрөгийн дэнчин авахаа зарлаж, олны шүүмжлэлийн бай болсон удаатай. Үүнээс далдуур аль нам, хэдэн төгрөгийн дэнчин нэр дэвшигчдээсээ авсныг иргэд мэдэхгүй. Ямартай ч дэнчин нь мөнгөний сонгуулийг өөгшүүлэх суурь болдог.
Сонгуулийн хуулийн төслийн 53.4-т “Жагсаалтаар нэр дэвшигч нь нам, эвслийн сонгуулийн сурталчилгаанд зориулан хандив өгч болох бөгөөд нэр дэвшигчдийн өгсөн нийт хандивын хэмжээ нь энэ хуульд заасны дагуу тогтоосон нам, эвслээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээнээс хэтрэхгүй байна” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, жагсаалтаар нэр дэвшигч нь зардлын дээд хэмжээнд хүртэлх хандивыг нам, эвсэлдээ өгч болох аж. Энэ нь эргээд залуус, эмэгтэйчүүдэд санхүүгийн хүндрэл учруулах, нэрээ дэвшүүлэхэд саад тотгор үүсгэх эрсдэлтэй. Жагсаалтаар нэр дэвшигчдийн 50 хувийг эмэгтэйчүүдийн төлөөллөөс бүрдүүлэхээр зохицуулсан нь сайн хэдий ч дээрх 53.4 дэх заалт саад болохыг үгүйсгэхгүй.
Ганц баримт дурдахад, МАН, АН-д намын анхан болон дунд шатанд эмэгтэйчүүдийн оролцоо өндөр хэдий ч дээд шатанд мөнгөн болон мөнгөн бус босго тогтоосны улмаас хангалтгүй байгааг Монголын улс төрийн намуудын дотоод ардчиллын индекс 2020 судалгаанд дурдсан байдаг.
Сонгуулийн зардлыг бууруулах, эмэгтэй, залуу улстөрчдийг дэмжих нэг хөшүүрэг нь улс төрийн намыг төрөөс санхүүжүүлэхдээ тодорхой хэсгийг нь тэднийг бэлтгэх, сургах, дэмжихэд зарцуулах арга хэлбэр юм. Тиймээс нийт сонгогчийн хоёроос дээш хувийн санал авсан намд төрөөс санхүүжилт олгохоор Улс төрийн намын тухай хуулийн төсөлд тусгаад байна. Мөн санхүүжилтийн 20-иос доошгүй хувийг эмэгтэй, ахмад, залуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн бүлгүүдийн улс төрийн оролцоог дэмжиж, сургахад зарцуулахаар заалт оруулав. Мэдээж хэрэг санхүүжилтийг хэрхэн зарцуулсныг хянах, нээлттэй болгох зохицуулалт тусгасныг тодотгоё. Хэрэв сонгогчийн тоог хоёр сая гаруй гэж тооцвол 40 мянга орчим санал авсан нам төрөөс санхүүжилт авах эрх үүснэ гэсэн үг.
Тайлагнасан, мониторинг хийсэн дүн тэнгэр, газар шиг зөрүүтэй
Нийт 644 сая төгрөгийг радио, телевизийн сурталчилгаанд зарцуулсан гэж 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын тайланд дурджээ. Гэтэл “Бодлогод залуусын хяналт” ТББ-аас хийсэн мониторингоор үүнийг 14.9 тэрбум төгрөг байх боломжтой гэж тооцоолоод байна. Тайлагнасан, мониторинг хийсэн дүн тэнгэр, газар шиг зөрүүтэй байгаа нь ямар учиртай юм бол? ШӨХТГ-т хүргүүлсэн телевизүүдийн 2021 оны тайланд тусгасан Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлсэн хугацаа болон телевизүүдийн 2020 оны зар сурталчилгааны дундаж үнийн саналаар тооцоолж, Бодлогод залуусын хяналтынхан дээрх 14.9 тэрбум төгрөг гэсэн дүнг гаргажээ.
Ийн зөрүүтэй гарч байгаа үндсэн шалтгаан нь зардлын тайлантай холбоотой хуулийн заалт хэрэгждэггүй, тайланг дэлгэрэнгүй, задаргаа тус бүрээр гаргадаггүй, мөнгөн дүнг нотлох санхүүгийн баримтууд хавсаргадаггүйтэй холбоотой аж. Тиймээс тус байгууллага сонгуулийн хуулийн төсөлд үүнтэй холбоотой зөвлөмж мөн боловсруулсныг эндээс харна уу.
Нэг жишээ дурдахад, жүжигчин У.Цогтбаяр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын сонгуульд ажиллаж, 100 сая төгрөг авснаа 2022 оны арванхоёрдугаар сард болсон жагсаалын үеэр “ам нээсэн”. Харин үүнд сайд Х.Нямбаатар тайлбар хийхдээ “Би өгөөгүй. Манай хамаатны хэдэн залуучууд л миний сонгуулийн ажилд тусалж, урлагийн хүмүүсийг зохицуулсан” гэсэн юм. Хэн хэдэн төгрөгөөр сурталчилгаа хийлгэсэн нь чухал биш. Харин сайд Х.Нямбаатар сонгуулийн зардлын тайландаа энэ талаар тусгаагүй нь гол асуудал юм. Ийм төрлийн харилцааг бусад улсад “гуравдагч этгээдийн санхүүжилт” гэж үзэн, хуулиар хязгаарладаг. Гэвч манайд одоог хүртэл энэ харилцааг зохицуулаагүй, сонгуулийн хуулийн төсөлд ч тусгаагүй байна.
Үүний зэрэгцээ, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зохицуулалтаар бол нам, эвсэл санал авсан өдрөөс хойш 45, нэр дэвшигч 30 хоногт багтаан зардлын тайландаа дүгнэлт гаргуулж, Үндэсний аудитын газарт хүргүүлнэ. Харин аудитын газар үүнийг 60 хоногийн дотор хянаж, дүнг нийтэд мэдээлдэг. Товчхон хэлэхэд, зургаадугаар сард болсон сонгуулийн зардлын тайланг намар буюу есдүгээр сарын сүүлч, аравдугаар сарын эхээр нийтэд танилцуулдаг. (Сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваариас харна уу) Хуулийн эл зохицуулалтыг энэ удаад өөрчлөхгүйгээр төсөл боловсруулжээ.
Тэгвэл Латви улсад сонгуулийн зардлын тайланг шууд нийтэд ил болгодог бөгөөд үүнд нь иргэний нийгмийн байгууллагынхан “watchdog” хийж, зөрчил илэрвэл хуулийн байгууллагад мэдэгдэх боломжтой. Харин манайд сонгуулийн уур амьсгал хэдийн арилсан хойно тайланд хийсэн аудитын дүгнэлтийг ил болгож байгаа юм. Тэгээд ч болоогүй нэр дэвшигчид, намуудын ил болгосон зардлын тайлан нь товчхон тул хянах боломж сул. Бодлогод залуусын хяналт төрийн бус байгууллага сонгуульд нэр дэвшигчдийн орлого, зардлын тайланг авах хүсэлтийг Үндэсний аудитын газарт удаа дараа гаргасан ч татгалзсан тул Хүний эрхийн Үндэсний комисст гомдол гаргаж, комиссын гишүүний шаардлага хүргүүлсний үр дүнд авсан байдаг.
Сонгуулийн дүрмийн шинэчлэлийг хэлэлцэж байгаа энэ үед мөнгөөр биш, бодлогоор өрсөлдөх боломжийг бүрдүүлэхийн тулд зардалтай холбоотой энэ мэтчилэн олон асуудлыг цогцоор нь авч үзэж, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагуудынхаа санал, зөвлөмжийг тусгах шаардлагатай байна.
Б.Уянга