"Мэдэх эрхтэй" аяны талаар хэвлэлийн бага хурал хийлээ
2023-04-27

            Монгол Улсын иргэд өөрсдийн төлөөлөл болох УИХ-ын гишүүд хууль эцэслэн батлахад ямар санал өгснийг мэдэх боломжгүй байна. "Цогц Хөгжлийн Үндэсний Төв" ТББ нь иргэдийн хяналтыг дэмжих, төлөөллийн хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор United Info Hub буюу UIH.mn талбарыг хөгжүүлсэн хоёр жилийн хугацаанд УИХ-ын гишүүдийн хууль батлахад өгсөн саналын мэдээллийг авахаар УИХ-ын Тамгын газарт нийт дөрвөн удаа мэдээлэл авах хүсэлт, хоёр удаа гомдол гаргасан ч уг мэдээллийг авч чадаагүй. Хууль ёсоор уг мэдээллийг авахаар хоёр жилийн хугацаа зарцуулсан ч үр дүнд хүрээгүй тул эцэст нь "Мэдэх эрхтэй" нөлөөллийн ажил өрнүүлж, иргэдийн дэмжлэгтэйгээр илүү олуулаа дуу хоолойгоо нэгтгэж, мэдэх эрхээ шаардахыг нийтэд уриалсан.

           "Цогц Хөгжлийн Үндэсний Төв"-өөс аяны талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тус төвийн гүйцэтгэх захирал М.Энхбадрал "Иргэд сонгогчид Үндсэн хуулиар олгогдсон эрх болон мэдэх эрхийг баталгаажуулсан Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар өөрийн сонгосон төлөөлөгчөө УИХ-ын чуулган дээр ямар санал өгч байгааг мэдэх бүрэн эрхтэй. Энэхүү мэдээллийг ил болгосноор УИХ-д тавих иргэдийн хяналт, өөрийг нь төлөөлөн ажиллаж буй гишүүдийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх боломжтой болно. Өмнө нь энэ мэдээллүүдийг ил болгохоор УИХ-ын Тамгын газарт хоёр удаа гомдол, дөрвөн удаа хүсэлт өгсөн. Гэвч гаргаж өгөхгүй байсан тул Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан ч хүлээж аваагүй. Иймд давж заалдан, УИХ-ын Тамгын газарт энэ мэдээллийг гаргаж өгөхийг даалгах хүсэлт тавьсан ч биелээгүй. Эдгээр үйл ажиллагааны эцэст, "Цогц хөгжлийн үндэсний төв" ТББ-аас олон нийтийн дэмжлэгтэйгээр нөлөөллийн ажил болгон "Мэдэх эрхтэй" аяныг эхлүүлээд хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Аяны хүрээнд бид УИХ-ын Тамгын газар болон УИХ-ын даргад хаягласан өргөдлийн загварыг гаргасан. Үүнд өөрсдийн нэр, хаяг, утасны дугаарыг бичиж, хүргүүлснээр өөрсдийн мэдэх эрхийг хангах нөлөөллийн аянд нэгдэж байна гэсэн үг. Энэ хугацаанд 100 гаруй өргөдлийг УИХ-ын дарга болон УИХ-ын Тамгын газарт хүргүүллээ. Мэдэх эрхийг хангах, өөрсдийг нь төлөөлж буй төлөөлөгчийг УИХ-ын танхимд хууль батлахад ямар санал өгч байгааг иргэд мэдэх эрхтэй. Уг эрхээ баталгаажуулахын тулд хамтаараа нөлөөллийн ажил зохион байгуулж байна" хэмээв. 

            Хэвлэлийн бага хурлын өмнөхөн УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдааны үеэр мэдэгдэл хийсэн юм. Тэрбээр "Улсын Их Хурлын гишүүдийн хуралдааны ирц, хууль эцэслэн батлах санал хураалтын мэдээллийг ил тод, нээлттэй мэдээлж байх шаардлагыг төрийн бус байгууллагууд, иргэдээс удаа дараа ирүүлж байна. Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 17 дугаар хэсэгт “төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална” гэж заасан. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт “Нийтийн мэдээллийг ашиглахад хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний мэдээлэл авах эрх, эрх чөлөөг үл хязгаарлах, төрийн байгууллагын үйл ажиллагаа олон нийтэд ил тод, нээлттэй байх, хүн, хуулийн этгээд хуулиар хязгаарлалт тогтоогоогүй аливаа мэдээллийг саадгүй олж авах нөхцөл боломжийг бүрдүүлнэ” гэж заасан. УИХ-ын гишүүдийн хууль батлахад өгсөн саналын мэдээлэл нь нууцад хамаарахгүй. Харин хуралдааны тэмдэглэлийг албажуулах, нийтлэх, архивт шилжүүлэхэд хугацаа шаардлагатай байдаг. Үүнийгээ цэгцэлж, олон нийтэд ил тод болгохыг Тамгын газарт үүрэг болгож байна. Шаардлагатай бол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, холбогдох журмуудад өөрчлөлт оруулж, мэдээллийг ил тод болгох нь зүйтэй гэж үзэж байна. Өнөөдрөөс эхлээд гишүүдийн ирцийн мэдээ, хууль эцэслэн батлахад өгсөн саналын мэдээллийг ил тод болгож иргэний мэдэх эрхийг хангахыг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо болон Улсын Их Хурлын Тамгын газарт үүрэг болгож байна. Гишүүдийн ирцийн мэдээ, хууль эцэслэн батлахад өгсөн саналууд ард түмэн, сонгогчдод тань нээлттэй, ил тод мэдээлдэг болж байна” хэмээв. 

 

Бэлтгэсэн: Uih.mn 

Сэтгэгдэл
Ardak Barun2023-05-03 22:15202.126.90.106
Жинхэнэ эргэх холбоо тайлагнах ёсыг харах боломж... Ард түмний хяналт... Эрх баригчдад үнэлгээ өгөх бүн тавих гүүр... гэж харж бна. Тиймээ бид мэдэх эрхтэй... Ил тод байх нь өөрөө ардчилалын үнэт зүйл, тулгуур багана...
Ardak Barun2023-05-03 22:16202.126.90.106
дүн
Ardak Barun. 2023-05-03 22:20202.126.90.106
Цогц хөгжлийн үндэсний төв ТТБ ын залуучуудад баяр хүргэж, амжилт хүсье! Олон шинэлэг ажлуудыг сэтгэж хийснээр нийгмийг өөрчлөх гүүр тавигдана. Монголын ирээдүй залуус та нарын гарт...