Хуулиуд эцэслэн батлахад УИХ-ын гишүүдийн өгсөн саналыг нээлттэй болгохыг Цогц Хөгжлийн Үндэсний Төв УИХ-ын Тамгын газраас шаардаж, "Мэдэх эрхтэй" аян өрнүүлж эхэлсэн. Аяны хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханд хаягласан, дээрх мэдээллийг нээлттэй болгохыг шаардсан маш олон өргөдлийг иргэд мэдэх эрхийнхээ төлөө хүргүүлэх юм. Тодруулбал, иргэний нийгмийн байгууллага болон иргэний хувиар гаргах өргөдлийн загвар бэлтгэн, үүнд нэгдэхийг нийтэд уриалсан. Дөрөвдүгээр сарын 26-ны байдлаар 80 гаруй өргөдлийг хүргүүлээд байна. Мөн Хөөрхөн зүрх, Хил хязгааргүй алхам, ЛГБТ төв, Бодлогод залуусын хяналт, Бүх нийт боловсролын төлөө, Тунгайхуй өгөгдлийн урлан, Монголын залуучуудын эвсэл зэрэг иргэний нийгмийн байгууллага аянд нэгдэн, өргөдөл хүргүүлж эхэллээ.
Цогц Хөгжлийн Үндэсний Төвөөс уг мэдээллийг авахаар 2020 оноос хойш зургаан удаа УИХ-ын Тамгын газарт хандсан ч татгалзсан хариу ирүүлсэн. Хууль ёсоор уг мэдээллийг авахаар хоёр жилийн хугацаа зарцуулсан ч үр дүнд хүрээгүй тул эцэст нь ийнхүү нөлөөллийн ажил өрнүүлж, иргэдийн дэмжлэгтэйгээр илүү олуулаа дуу хоолойгоо нэгтгэж, мэдэх эрхээ шаардахыг уриалж буй юм.
УИХ-ын Тамгын газраас хүсэлт тавьсны үндсэн дээр Цогц Хөгжлийн Үндэсний Төвийн гүйцэтгэх захирал М.Энхбадрал УИХ-ын Тамгын газрын дэд дарга С.Батбаатартай өнөөдөр уулзаж, ярилцлаа. Дэд дарга С.Батбаатар хууль эцэслэн батлахад УИХ-ын гишүүдийн өгсөн саналын мэдээлэл нь нээлттэй байх ёстой гэдэгт санал нэгтэй байгаагаа илэрхийлсэн. Одоогийн парламентын буюу 2020 оны долдугаар сард бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш 2022 оны намрын чуулган хүртэлх хугацаанд баталсан хууль, тогтоолуудад гишүүдийн өгсөн саналын мэдээллийг Цогц Хөгжлийн Үндэсний Төвд өгөх боломжтойг мөн хэлсэн. Гэвч мэдээллийг хурдан хугацаанд нээлттэй болгоход процессын хувьд механик ажиллагаа ихтэй, алдаа зөрүү үүсэх магадлалтай тул үүнд цаг хугацаа, хүний нөөц их шаардахаа тайлбарлав. Дэд дарга С.Батбаатар уулзалтын талаар УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханд танилцуулсны дараа эргэн холбогдохоо хэллээ.
Уулзалтын үеэр Цогц Хөгжлийн Үндэсний Төвийн гүйцэтгэх захирал М.Энхбадрал одоогийн парламентын өнгөрсөн хугацаанд баталсан бүх хууль, тогтоолыг эцэслэн батлахад гишүүд ямар санал өгсөн талаарх "Мэдээлэл авах тухай хүсэлт"-ээ дэд дарга С.Батбаатарт хүлээлгэн өгөв.
Бэлтгэсэн: uih.mn