“Сонгуулийн хууль”-ийн төсөлд тусгасан ОНЦЛОХ өөрчлөлт
2023-04-24

Улсын Их Хурал (УИХ)-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Н.Энхболд нарын дөрвөн гишүүн энэ сарын 6-нд өргөн мэдүүлсэн. УИХ-ын дөрөвдүгээр сарын 13-ны хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлээд байна. Төсөлд ямар онцлох зохицуулалт тусгасныг тоймлон хүргэе.

  • УИХ-ын 76 гишүүний 38-ыг тойргоос, 38-ыг нам, эвслийн нэр дэвшигчдийн жагсаалтаас сонгоно.
  • Тойрогт болон жагсаалтад зэрэг нэр дэвшихийг хориглоно.
  • Нам, эвсэл жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ 1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дарааллыг үндэслэн нэр дэвшүүлнэ. Сонгуульд нам, эвслээс нийт нэр дэвшигчдийн аль нэг хүйсийн төлөөлөл 30 хувиас доошгүй байна.
  • Ухуулагч нь сайн дурын үндсэн дээр ажиллах бөгөөд урамшууллын хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хэтрэхгүй байна.
  • Гадаадад байгаа монголчууд саналаа өгөх эрхтэй.
  • Санал авах өдөр санал авах байранд өөрийн биеэр саналаа өгөх боломжгүй сонгогч санал авах өдрийг хүртэлх 5 хоногийн хугацаанд санал авах байранд урьдчилан саналаа өгч болно.
  • Жагсаалтаар нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааг намын сонгууль эрхэлсэн байгууллага хариуцах бөгөөд сурталчилгааны хэвлэмэл материал нь гурван хэвлэлийн хуудас хэмжээнээс хэтрэхгүй байна.
  • Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулахад зарцуулах зардал нь сонгуульд зарцуулсан нийт зардлын 15 хувиас хэтрэхийг хориглоно.
  • Жагсаалтаар нэр дэвшигч нь нам, эвслийн сонгуулийн сурталчилгаанд зориулан хандив өгч болох бөгөөд нэр дэвшигчдийн өгсөн нийт хандивын хэмжээ нь нам, эвслээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээнээс хэтрэхгүй байна.
  • Дараах шаардлагыг хангасан нам, эвсэлд суудал хуваарилна. Үүнд нэгдүгээрт, тойрогт ногдох нийт мандатын 50 буюу түүнээс дээш хувьд нь нэр дэвшүүлсэн, хоёрдугаарт, намын тухайд нам эвсэлд өгсөн нийт саналын 3 буюу түүнээс дээш хувийн санал авсан байна. Харин 2 нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 5 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх, 3 буюу түүнээс дээш нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 7 буюу түүнээс дээш хувийн санал авсан байхыг шаардана.
  • Саналын хуудас нь тойрогт нэр дэвшигчийн болон нам, эвсэл тэдгээрээс жагсаалтаар нэр дэвшигчийн саналыг тэмдэглэх хэсэгтэй байна.
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хорооны даргаар тухайн шатны Засаг даргын Тамгын газрын дарга, эсхүл түүний үүрэг гүйцэтгэгчийг томилно.
  • Сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 5-аас доошгүй хоногийн өмнө улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтсээр дамжуулан хэсгийн хороонд хүргүүлнэ.
  • Бие даан нэр дэвшүүлэгч нь гарын үсэг зуруулахдаа А4 хэмжээнээс хэтрэхгүй хэмжээтэй өөрийн танилцуулах хуудсыг тарааж болно.
  • Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн төрийн бус байгууллага нэр дэвшигч, нам, эвслийн сонгуулийн зардлын тайлан, түүнд холбогдох баримттай танилцах, хөндлөнгийн хяналт тавих эрхтэй. 
  • Нам, эвслээс жагсаалтаар нэр дэвшигчид өгсөн саналыг тухайн нам, эвсэлд өгсөн саналд тооцно.
Сэтгэгдэл