Гэрэл зургийг MPA.mn
УИХ-ын сонгууль болоход нэг жилийн хугацаа үлдлээ. Айсуй сонгуулийг аль тогтолцоогоор зохион байгуулах буюу “тоглоомын дүрэм” ямар байх вэ гэдгийг ирэх зургаадугаар сарын 20-ноос өмнө парламент шийдэх юм. Учир нь, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр сонгуулийн журмыг хуулиар тогтооно гээд, сонгууль болохоос өмнөх нэг жилийн дотор сонгуулийн хууль батлахыг хориглохоор заасан.
Удаан “дуншсан” УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хоёр хуулийн төсөл өнгөрсөн долоо хоногт парламентын “босго” давав. Тодруулбал, УИХ-ын даргын захирамжаар байгуулсан, сонгуулийн хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс, мөн УИХ дахь цөөнхийн буюу АН-ын бүлэг тус тусдаа хуулийн төсөл өргөн бариад байна. Захирамжаар байгуулсан ажлын хэсэгт УИХ дахь олонх, цөөнхийн төлөөлөл багтсаныг ташрамд тодотгоё.
Монгол Улс парламентын засаглалтай, ардчилсан орон. Гэтэл өнөөгийн парламентад залуус, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, малчид гэх мэтчилэн нийгмийн янз бүрийн бүлэг, төлөөлөл хангалтгүй байна. Тиймээс иргэдийн санал гээгдэхгүй байх, парламентад нийгмийн олон талын төлөөллийг хангахад ахиц гаргах “тоглоомын дүрэм”-ийг хуульчлах уу гэдэг асуултад хариулт эрье.
Холимог тогтолцоо сонгоход санал нэгдэв
“Сонгуулийн тогтолцоог ерөнхийд нь мажоритар (дийлэнх олонхын), хувь тэнцүүлсэн (пропорционал) гэж хоёр ангилдаг. Холимог тогтолцоо гэдэг нь мажоритар, пропорционал системийн аль алиных нь эерэг элементийг нэгтгэх оролдлого хэмээн ойлгож болно” гэж доктор Э.Гэрэлт-Од бичсэн байна. Монгол Улс өнгөрсөн хугацаанд найман удаа парламентын сонгууль зохион байгуулсан. Тэгэхдээ ганцхан удаа 2012 онд холимог тогтолцоог (48/28 буюу олонх дийлэнх давамгайлсан хувилбараар), бусад долоон сонгуулийг дийлэнх олонхын тогтолцоог дангаар нь ашиглан зохион байгуулжээ.
Мажоритар тогтолцоо нь сонгуулийн өндөр зардал шаардах, сонгогчдын санал ихээр гээгдэх, улмаар жижиг намууд, залуус, эмэгтэйчүүд, нийгмийн цөөнхөд халтай зэрэг сул талтай. Цаашилбал парламентын төлөөлөх чадвар, легитим шинжид нь сөргөөр нөлөөлдөг учир мажоритар тогтолцоог дангаар нь хэрэглэхгүй байхыг олон улсын байгууллагууд, судлаачид дэвшүүлсээр байна. Жишээ дурдахад, 2020 оны сонгуулиар нийт саналын 44.9 хувийн дэмжлэг авсан МАН УИХ-ын нийт суудлын 81.6 хувийг бүрдүүлж буй. Түүнчлэн өмнөх сонгуулиар нам, эвслүүд сонгуулийн үйл ажиллагааны зардалд нийт 9.5 тэрбум төгрөг зарцуулжээ. Үүнээс сонгуулийн зардалд 9.4 тэрбум, бусад зардалд 121.6 сая төгрөг зарцуулсныг Үндэсний аудитын газрын тайланд дурдсан байна. Харин нэр дэвшигчид сонгуулийн үйл ажиллагааны зардалд нийт 67.2 тэрбум төгрөг зарцуулснаас сонгуулийн зардалд 64.2 тэрбум, бусад зардалд гурван тэрбум төгрөг зориулжээ.
Сонгуулийн пропорционал тогтолцоонд ч гэсэн сул тал бий. Тухайлбал, парламентад сонгогдсон хэт олон намын аль нь ч олонх болж чадахгүй байх, Засгийн газар тогтворгүй ажиллах, сонгогчдоос УИХ-ын гишүүнд хяналт тавих боломж сулрах зэргийг дурдаж болно. Гэсэн ч пропорционал тогтолцоо нь парламентад төлөөллөө хангалттай оруулж чадахгүй байгаа нийгмийн бүлгүүд, жижиг намуудын хувьд хамгийн боломжийн хувилбар юм. 2010 онд судлаач Бенжамин Рейли Монголын улс төрийн онцлогт тохируулан “УИХ-ын сонгуулийг холимог системээр зохион байгуулбал УИХ дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой” гэж санал боловсруулж байжээ.
Тиймээс аль алиных нь давуу талыг шингээсэн сонгуулийн холимог тогтолцоог 2024 оны сонгуулиар хэрэглэхэд улс төрийн намууд, судлаачид санал нэгдээд байна. Дээрх өргөн барьсан төслүүдэд ингэж тусгасан ч холимог тогтолцоог сонгохдоо мажоритар, пропорционал хувилбарыг хэдэн хувьтай шингээх вэ гэдэгт намуудын байр суурь зөрөв. Тодруулбал, УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийн боловсруулсан төсөлд 76 гишүүний 38-ыг мажоритар, 38-ыг пропорционал, харин АН-ын бүлгийн төсөлд 48-ыг мажоритар, 28-ыг пропорционал системээр сонгохоор заажээ.
Ажлын хэсгийн боловсруулсан төслийн дагуу нарийвчилж хэлбэл, мажоритар системээр сонгоно гэдэг нь намууд тус бүр 38 хүн нэр дэвшүүлж, нийт иргэдээс хамгийн олон санал авсан 38 нь сонгогдоно. Пропорционал системээр УИХ-ын үлдсэн 38 гишүүнийг сонгохдоо намууд 38 нэр дэвшигчийн жагсаалт үүсгэх бөгөөд иргэд зөвхөн намын нэрийг дугуйлна. Аль нам хэдий хэмжээний санал авсан хувийг харгалзан тухайн намын жагсаалтын дарааллын дагуух нэр дэвшигчид эрэмбээрээ УИХ-ын гишүүнээр сонгогдоно гэсэн үг.
Ямартай ч сонгогчдын санал гээгдэхгүй байх, сонгуулийн зардлыг бууруулах давуу талтай тогтолцоо ашиглахаар санал нэгдэж байгаа нь залуус, эмэгтэйчүүд, нийгмийн янз бүрийн бүлгүүдэд нааштай зүйл. Харин квот, санхүүжилтийн дэмжлэг ямар байх бол.
“Жагсаалтыг эрэгтэй, эмэгтэй сөөлжүүлж үүсгэх нь үр дүнтэй”
2012 онд холимог тогтолцоог 48/28 хувилбараар зохион байгуулахад УИХ-д 11 эмэгтэй сонгогдсон нь тухайн үедээ түүхэн дээд амжилт байв. Гэвч тэр үед пропорционал системээр нэр дэвшүүлсэн 28 хүний жагсаалтыг намууд үүсгэхдээ эмэгтэйчүүдийг “сүүл мушгиулсан” нь ардчилсан улсын хувьд ичгэвтэр түүх. Тухайлбал, МАН-ын жагсаалтад 10 эмэгтэй гишүүн багтсан ч тэднийг эхний 10 байраас хойшоо эрэмбэлсэн байдаг. АН-ынхад долоон эмэгтэй гишүүн багтсан нь долоодугаар байрнаас хойшоо жагсаж байв. Харин энэ удаад “хар” түүхээ давтахгүйн тулд намууд жагсаалт үүсгэхдээ эрэгтэй, эмэгтэй сөөлжүүлсэн байдлаар оруулах заалтыг хуулийн төсөлд тусгаад байна. Өөрөөр хэлбэл, жагсаалтад 19 эмэгтэй багтах бөгөөд үүнийг хэвээр нь хуульчилбал эмэгтэйчүүдийн сонгогдох магадлал нэмэгдэнэ.
Цогц хөгжлийн үндэсний төвийн гүйцэтгэх захирал, судлаач М.Энхбадрал “Намын жагсаалтын 38 нэр дэвшигчийг эрэгтэй, эмэгтэй ээлжилсэн байдлаар буюу зиг заг хэлбэрээр үүсгэх нь эмэгтэйчүүдэд маш том боломж олгоно. Улс төрийн намууд эмэгтэй нэр дэвшигчдээ хэрхэн хуваарилахаас УИХ-д хэр их эмэгтэй сонгогдох нь шалтгаална гэсэн үг. Тухайлбал, улс төрийн намуудын лидер, тойрогтоо танигдсан, улс төрийн туршлагатай, олон сонгогдсон эмэгтэй улстөрч тойрогтоо нэр дэвшиж, бусад эмэгтэй гишүүдээ жагсаалтад багтаавал тойрог, жагсаалтын аль алинаас нь эмэгтэйчүүд олноор сонгогдох боломжтой” гэв.
Сонгуулийн тухай хуулийн шинэчлэлд багтаасан өөр нэг заалт нь нэр дэвшигчдэд эзлэх хүйсийн квот 20 хувь байгааг 30 хувьд хүргэх юм. Улс төр, эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал нь Монголынхтой төстэй 25 улсад жендэрийн квот ямар байдгийг улс төр судлаач А.Бат-Оргил “Сонгуулийн тогтолцоог харьцуулах нь” судалгаандаа дурджээ. Хорват, Молдав, Босни ба Херцеговинд жендэрийн квот 40 хувь байдаг бол Албани, Серби, Словенид 30 хувийн квот үйлчилдэг аж. Харин Австрали, Шинэ Зеланд, БНАСАУ-д жендэрийн квот нь сайн дурын үндсэн дээр байдаг гэнэ.
Хүйсийн квотыг 30 биш, 40-50 хувьд хүргэх хэрэгтэй гэж үзэж байгаа хүмүүс байхад, нөгөө талд энэ нь үр дүнтэй хувилбар биш гэж тайлбарлах судлаачид ч бий. Учир нь, санхүүгийн нөөц бололцоо, олонд танигдсан байдал, нийгмийн хэвшмэл ойлголт зэрэг эмэгтэй нэр дэвшигчдийн өмнө тулгардаг бэрхшээлийг хүйсийн квот шийдвэрлэж чадахгүй гэдэг.
Тэгвэл 2022 онд хийсэн Сонгогчийн зан, төлөвийн судалгаанд оролцсон хоёр хүн тутмын нэг нь нэр дэвшигч ямар хүйстэй байх нь чухал биш гэж үзжээ. Энэ нь улс төрийг аль нэг хүйсэд хамаатуулан үзэх хэвшмэл үзэл буурч буйг харуулсныг судалгааны тайланд онцолсон байна. Түүнчлэн эмэгтэй нэр дэвшигчид итгэл хүлээлгэх сонирхол эмэгтэй сонгогчдод эрэгтэйчүүдээс өндөр байгааг илрүүлжээ. Өөрөөр хэлбэл, “эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дэмждэггүй” гэсэн хэвшмэл ойлголт үеэ өнгөрөөсний нотолгоо энэ юм. Мөн дээд боловсролтой болон залуу сонгогчид өөрийг нь төлөөлөх улстөрчийн хүйс чухал биш гэж үзэх хандлага хамгийн өндөр байгааг судалгаагаар харуулжээ.
Сонгуулийн санхүүжилт “шилэн” байж чадах уу
Сонгуулийн санхүүжилтийг бууруулах, нээлттэй болгох нь нэр дэвшигчид, намууд тэгш гараанаас өрсөлдөх, залуус, эмэгтэйчүүд өрсөлдөж, сонгогдох боломж бүрдүүлэх ач холбогдолтой. Тэгвэл ирэх сонгуулийн санхүүжилт ил тод байж чадах уу?
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бид сонгуулийн зардлыг эрс бууруулах ёстой гэж үзэж байгаа. Өмнө нь 200 сонгогч тутамд нэг ухуулагч ажиллуулдаг байсан бол энэ тоог 400 болгосон. Сурталчилгааны самбарын тоог 10 дахин бууруулсан. Сонгуулийн сурталчилгаанд ашиглах тээврийн хэрэгслийн тоог гурав дахин багасгасан. Хэвлэл мэдээлэл болон бусад төлбөртэй сурталчилгааны хэмжээг багасгасан бөгөөд эдгээр зохицуулалтыг хэрэгжүүлснээр сонгуулийн зардлыг 50 хувиар бууруулна гэж үзсэн” гэв.
Захирамжаар байгуулсан ажлын хэсгийн боловсруулсан төслийн 17-д зааснаар сонгуулийн ухуулагч нь сайн дурын үндсэн дээр ажиллах бөгөөд цалин нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хэтрэхгүй байх аж. Харин жагсаалтаар нэр дэвшигч нь нам, эвслийн сонгуулийн сурталчилгаанд зориулан хандив өгч болох бөгөөд нэр дэвшигчдийн өгсөн нийт хандивын хэмжээ нь нам, эвслээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээнээс хэтрэхгүй байхаар зохицуулжээ.
Тэгвэл сонгуулийн зардлыг ил тод болгох, хянах боломжийг хуульд тусгах нь чухал гэдгийг судлаач М.Энхбадрал онцолсон. 2020 оны тухайд нам, эвсэл, нэр дэвшигчдийн зардлын тайланд хийсэн аудитын дүгнэлтийг сонгууль болсноос хойш ойролцоогоор 90 хоногийн дараа Үндэсний аудитын газар нийтэд мэдээлсэн. Сонгуулиар аль намд хэн, ямар компани хэдэн төгрөгийн хандив өгснийг ч мөн намар нь ил болгож байв. Уг нь санал хураах өдрөөс өмнө нам, нэр дэвшигч нь хандив болон сонгуулийн зардлын явцын тайлангаа сонгогчдод нээлттэй танилцуулах хуультай ч хураангуй байдлаар л нээлттэй байршуулдаг. Өөрөөр хэлбэл, хэн хэдэн төгрөгийн хандив өгсөн зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл ил болгодоггүй.
Харин УИХ-ын гишүүн, Улс төрийн намын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнхцэцэг “Сонгуулийн өөрчлөлтөөс хүлээх хамгийн чухал зүйл бол гарааны тэгш нөхцөл, хөрөнгө мөнгө бус, бодлогоороо өрсөлддөг болгох явдал. Үүнийг Улс төрийн намын тухай хуулийн шинэ төсөлтэй уялдуулах шаардлагатай. Уг хуулийн төслийн гол үзэл баримтлал нь намуудыг шилэн, санхүүжилтийг нь нээлттэй болгох, намуудад гарааны тэгш өрсөлдөөн бий болгоход чиглэж байна. Мөн эмэгтэйчүүд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд бүх хүнд тэгш боломж олгох механизм хэрэгтэй” гэж байв. Улс төрийн намын тухай хуулийн төсөлд төрөөс намд олгох санхүүжилтийн хэмжээг тогтоохдоо тухайн намаас нэр дэвшүүлсэн эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоог харгалзахаар тусгасан байна.
Ирэх сонгуулийн “тоглоомын дүрэм”-ийг УИХ-аар дөнгөж хэлэлцэж эхэлж байна. Хэрхэн батлах нь парламентын бүрэн эрх ч иргэдийн оролцоо, талуудын зөвшилцлийг хангах нь маш чухал гэдгийг эцэст нь тодотгоё.
Б.Уянга