Парламентын ил тод байдлыг хангуулахаар ХЭҮК-т гомдол гаргалаа
2023-03-31

               Иргэдийн мэдээлэл авах эрхийг удаа дараа зөрчсөн УИХ-ын Тамгын газарт холбогдуулан ХЭҮК-т гомдол гаргав

        Цогц Хөгжлийн Үндэсний Төв НҮТББ нь хариуцлагатай, сайн засаглалыг бэхжүүлэх зорилгоор Засаглалын хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд үүний хүрээнд төлөөллийн хариуцлагыг дээшлүүлэх, иргэдийн хяналтыг дэмжих зорилготой United Info Hub төсөл буюу Uih.mn цахим талбарыг 2020 оноос санаачлан хөгжүүлж байна.

Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагааны ил тод байдлыг сайжруулж, нээлттэй ил тод байдлыг хангуулах, иргэдийн мэдэх эрхийг хангах зорилгоор Улсын Их Хурал (УИХ)-ын гишүүн тус бүрийн хуулийг эцэслэн батлах санал хураалтад өгсөн саналыг Uih.mn цахим талбарт бүртгэн нээлттэй байрлуулдаг. Гэвч хууль эцэслэн батлах санал хураалтын дүн буюу хууль батлахад УИХ-ын гишүүд ямар санал өгсөн талаарх мэдээлэл нээлттэй бус байна.

Цогц Хөгжлийн Үндэсний Төв НҮТББ нь Uih.mn талбарыг хөгжүүлсэн хоёр жилийн хугацаанд УИХ-ын Тамгын газраас уг мэдээллийг авахаар нийт дөрвөн удаагийн хүсэлт, хоёр удаагийн гомдол гаргасан ч уг мэдээллийг авч чадаагүй.  

             Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 17 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн нь төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар бүлгийн 27 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “УИХ-ын гишүүд саналаа илээр гаргаж, асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр бүлгийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт “Нийтийн мэдээллийг ашиглахад хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний мэдээлэл авах эрх, эрх чөлөөг үл хязгаарлах, төрийн байгууллагын үйл ажиллагаа олон нийтэд ил тод, нээлттэй байх, хүн, хуулийн этгээд хуулиар хязгаарлалт тогтоогоогүй аливаа мэдээллийг саадгүй олж авах нөхцөл боломжийг бүрдүүлнэ” гэж тус тус заасан.

УИХ-ын чуулганы хуралдааны шууд дамжуулалтын дүрс бичлэгээс харахад хуулийг эцэслэн батлах үеийн санал хураалтын дүнгийн зөвхөн эхний хэсгийг дэлгэцэд харуулаад өнгөрдөг буюу саналын мэдээлэл бүрэн нээлттэй харагддаггүй.

            УИХ-ын гишүүн нь иргэдийг төлөөлж, УИХ-д сонгогдон ажиллаж байгаагийн хувьд хууль батлахад ямар санал өгсөн талаарх мэдээлэл иргэдэд нээлттэй байх ёстой. Тиймээс 2020 оны сонгуулиар байгуулагдсан одоогийн парламентын баталсан бүх хууль, тогтоолын төслийг эцэслэн батлахад УИХ-ын гишүүд ямар санал өгсөн талаарх мэдээллийг УИХ-ын Тамгын газраас гаргуулан авах, мэдээлэл авах эрх хөндөгдсөнтэй холбоотой хүний эрхийн зөрчлийг арилгаж өгөхийг хүсэж, Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргалаа. 

              Цогц Хөгжлийн Үндэсний Төв НҮТББ 2011 онд байгуулагдсан ашгийн бус, хараат бус үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм. Бид социологийн судалгаа хийх болон хөгжлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх үндсэн хоёр талбарт ажилладаг.

 

Бэлтгэсэн: UIH.mn

Сэтгэгдэл
Цэндбаатар2023-03-31 10:31124.158.66.215
УИХ-ын гишүүний УИХ-ын үйл ажиллагаанд оролцсон талаарх мэдээлэл ил байх сётой гэдгийг дэмжиж байна. УИХ-ын гишүүний хариуцлагыг сайжруулах цаг болсон нь маргаангүй.