Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар гурван байнгын хороо хуралдана
2023-03-29

               Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өнгөрсөн баасан гарагт УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн. Үүний дагуу УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хорооны өнөөдрийн хуралдаанаар уг саналыг хаалттай хэлэлцэнэ. Тус хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Н.Энхболд, С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ, Сү.Батболд, Ц.Мөнх-Оргил нар багтдаг. 

              УИХ-ын тухай хуулийн 9.5-д "Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх, асуудлыг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар нууцаар санал хурааж шийдвэрлэнэ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжиж санал өгсөн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно" гэж заасан. Тиймээс УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 15, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо 17 цагт хуралдахаар товлосон байна. 

              УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар нууцаар санал хурааж шийдвэрлэх учир тус байнгын хорооны бүрэлдэхүүнд ямар гишүүд багтсаныг зурагт үзүүлэв.  

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 12.00 цагт хуралдахаар төлөвлөснийг мөн дурдъя. 

 

Бэлтгэсэн: UIH.mn

 

Сэтгэгдэл