Ж.Мөнхбатыг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө
2023-03-24

        УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар  Улсын Их хурлын гишүүний чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн, УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболд танилцуулна. Н.Энхболд,  Улсын Их Хурлын гишүүн Жамъянгийн Мөнхбат Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ Улсын Их Хуралд 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ирүүлсэн.        

 

       Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа  хэлэлцлээ.  Улсын Их Хурлын гишүүн Жамъянгийн Мөнхбатаас ирүүлсэн Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх тухай хүсэлтийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ гээд Улсын Их Хурлын гишүүнийг чөлөөлөх тухай асуудлаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье гэв. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ш.Адьшаа нар асуулт асууж, хариулт авлаа.

 

    УИХ-ын Ж.Мөнхбатыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулав.

Санал асуултад оролцсон гишүүдийн  59.5 хувийн  саналаар Ж.Мөнхбат УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдлөө.

 

Сэтгэгдэл